Тааваараа алхаад зам гарчихмаар л байна шүү

Бусад улс оронд ямар байдгийг үнэндээ сайн мэдэхгүй юм. Харин манайд замын хөдөлгөөн нь ёстой нэг жонхуу шиг юм болох юм аа. Ялангуяа уулзвар, гэрлэн дохион дээр зам гарах гэж их хэцүүхэн байна.
Нэг үеэ бодвол явган зорчигчид ногоон гэрлээрээ гарч заншаад байгаа гэж бодож байна. Гэтэл гэрлээрээ гарсан ч тайван амгалан, тааваараа алхаад зам гарчих боломж үнэндээ алга. Харин ч нээрээ гэрлээрээ биш хоёр тийшээ машин харж байгаад гарчихсан нь шулуухан ч юм шиг. За за мэдэхгүй. Буруу юм зааж өгөх гэж байх шиг байна. Явган хүнд зориулагддаг ногоон гэрлийн дохио нь ямар хурдан дохиод авто машины улаан гэрлийг тусгадаг юм бэ. Явган зорчигч чинь ногоон гэрлээр гарахдаа дор хаяад 1-3 минутадчөлөөтэй алхаад гармаар байна шүү дээ.
Улаан гэрлээр ухаан алдан гүйж зам гардаг соёлгүй зорчигчид зөндөө. Энд тэдний тухай ярьж, тэднийг өмөөрөх гээгүй байна. Харин гарцаараа гардаг зорчигчид хохироод байгаа талаар ярих гэж байна. Зөвөөр ойлгоорой.
Явган хүний гарцаар ногоон гэрэл асаад, яг сайхан алхаад замынхаа хагаст орж иртэл туслах замаас сигналаа чарлуулсан машинууд хар эрчээрээ орж ирэх юм. Ногоон гэрэл асчихсан байхад сигналаа дуугаргахгүй, соёлтой, хүлээцтэй хандаад явган зорчигчдын өнгөрүүлчихээд явчихаж болдоггүй хэрэг үү. Эсвэл юу билээ туслах замын тэрэг нь ногоон гэрэлтэй үед явган зорчигчоосоо давуу эрхтэй байх ёстой бил үү.
Үнэхээр аюултай байна. Ямар ч тохиолдолд машин хүнээс илүү хүчтэй, хурдтай бас аюултай учраас явган зорчигчид л хохирч байна. Явган гарцаар ногоон гэрлээр зөвхөн явган зорчигч явдаг байхаар зохицуулж болдоггүй юм болов уу. Гэрлэн дохиогүй явган хүний гарч дээр жолооч нар угаасаа зам тавьж өгдөггүй, зогсдоггүй, үнэхээр соёл байхгүй. Замын хажууд явган хүний гарцны тэмдэг дурайгаад байж байхад л дайрчих шахаад л “нисээд” байна шүү дээ. Нөгөө хэдэн явган зорчигч нь хэзээ нэг гайгүй сайхан соёлтой хэн нэгэн ирж зогсож, бид хэдийг зам гаргах юм бол доо гэж горьдлогын харцаар харж зогсоно. Инээдтэй ч юм. Тэгээд арай чүү нэг юм зогсож , явган зорчигчид аажуу уужуу зам гарчих гэхээр “Зам тавьж өгөөд гаргахаар биеэ дааж ядаад байх юм. Даварсан гарууд гүйгээд гарах хэрэгтэй” энэ тэр гэж зарим жолооч нар ярьдаг гэнэ билээ. Юу вэ, машинтай нь тэд нар люм байгаа биз. Машингүй байлаа гээд одоо замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл гөлөлзөж, гүйж, айж сандарч явах ёстой болж байна уу даа.
За машинтай хүмүүсийг мууллаа гэж бодоод намайг бас битгий их муулаарай уншигчидаа. Үнэнийг л бичихийг хичээлээ. Гэрлэн дохиотой уулзвар дээр жолооч нар явган зорчигчийг хүндэтгэж зогсож өгөхгүй нь олонх байгаа тул үүнийг журам дүрмээр зохицуулахаас өөр аргагүй байна. Ногоон гэрэл аслаа л бол явган зорчигчдийн хөдөлгөөн л үргэлжилж байх ёстой тийм замын хөдөлгөөний дүрэмтэй болох боломж байдаг юм болов уу, үгүй юм болов уу. Манай улсаас бусад газар замын цагдаагүй болоод л байдаг гэсэн. Манайд бас яагаад болоод л байж болдоггүй юм бол оо.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ