Хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Үүний нэг болох Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 132,6 километр замын ажил эхлээд таван сар өнгөрч байна.
Уг замын ажлыг дотоодын компани гүйцэтгэж байгаагаараа онцлогтой бөгөөд замын ажил өнөөдрийн байдлаар 30 хувьтай явагдаж байна. Хөгжлийн банкны 66 тэрбум 298 сая төгрөгийн санхүүжилттэй уг замын ажлын явцтай Монголын залуучууд холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат болон Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан тэргүүтэй бусад албаны хүмүүс танилцлаа. Уулзалтын үеэр МЗХ-ныхон замчин залуусын ажлын нэг өдөртэй танилцаж, чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд залуус энэ үеэр замчин залуусын ажил мэргэжлийн онцлог бахархал, тэдэнд тохиолдож буй хүндрэл бэрхшээл, цаашид шийдэх асуудлуудын талаар чин сэтгэлээсээ ярилцсан байна. Тэд залуучуудын байгууллагын удирдлагад цөөнгүй санал хүсэлтийг ч тавьж шийдвэрлэхэд анхаарахыг хүсчээ. Замчин залуус маш завгүй цаг нартай уралдан ажилладаг, тэр бүр хот суурин орох боломжгүй байдаг тул явуулын эмнэлгийн үзлэг шинжилгээнд тодорхой хугацаанд тогтмол хамруулах, орон сууцны зээлд нэгдсэн байдлаар хамрагдах, ажил зогссон өвлийн хэдэн саруудад мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад хамрагдах, автозамын салбарт ажиллах дотоодын чадварлаг мэргэжилтний тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөнджээ. Эдгээр замчин залуусын ажиллах орчин нөхцөл жилээс жилд дээшилж байгаа бөгөөд сард 500 мянгаас гурван сая орчим төгрөгний цалин авч байгааг залуус онцолж байлаа. Уулзалтын дараа "Увертура" хамтлаг замчин залуустаа бүрэн хэмжээний тоглолтоо зориулсан юм.
Х.Мөнх-Эрдэнэ: Замын нэгж үнийг нэмэх ёстой
Харин замын ажлыг гүйцэтгэж байгаа “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.
-Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн замын ажил хэзээ эхэлсэн бэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гэрээ байгуулагдаад энэ оны дөрөвдүгээр сараас замын эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 км замын далангийн ажил болон хөрс хуулалтын ажил 100 хувь хийгдсэн бол хучилтын ажлын хувьд таван километрийг хийгээд байна. Энэхүү объёктод үндсэн болон туслан гүйцэтгэгч компанийн 460 гаруй ажилтан ажиллаж байна. Мөн 260-аад техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Нэг цагт 120 болон 150 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай тус тус асфальт завод, мөн гурван бутлуурын үйлдвэр ажиллаж байна. Энэ жилийн зорилго бол төлөвлөгөө ёсоор далангийн ажлын 100 хувь, асфальт хучилтын ажлыг 50-60 километрт гүйцэтгэхээр ажиллаж байна. Үлдсэн цаг агаарын тааламжтай өдрүүд олон байвал төлөвлөгөөгөө 100 хувь давуулан биелүүлж, аравдугаар сарын 10-н хүртэл аспад хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
-Нийт ажилчдын хэдэн хувь нь залуучууд байна вэ. Боловсон хүчний нөөц бололцооны хувьд?
-Сүүлийн 10-аад жил зам, барилгын салбарт ажил гүйцэтгэж байна. Нийт ажилчдын 90 гаруй хувьд нь залуучууд байгаа.
-Хэзээ хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн байгаа вэ?
-Гэрээний дагуу 2014 оны арван сарын 30-нд хүлээлгэн өгөх ёстой. Гэхдээ манай компанийнхан 3-4 сарын өмнө буюу улсын баяр наадмаар хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
-Өнгөрсөн онд Ерөнхий сайд замын ажил гүйцэтгэж байгаа компаниудад санхүүжилтийг хангалттай шийдэж өгнө хэмээн мэдэгдсэн. Харин замын компаниуд замаа чанартай тавих ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан?
-Төр засгаас том том зорилтууд тавьж, богино хугацаанд их ажил чанартайхийхээр төлөвлөж байна. Гэхдээ яг бодит үйлдвэрлэлийн гүйцэтгэгч компанийн хувьд өнөөгийн гүйцэтгэж байгаа замын нэгж үнийн өртөг хувьд доогуур байгаа. Дэлхийн жишгээс нэг дахин доор байгаа. Богино хугацаанд замыг чанартай, урт насжилттай хийхийн тулд замын нэгж үнийг нэмэх нь зүйн хэрэг юм. Үүнд олон зүйл нөлөөлнө. Тухайлбал, Замын материал болон түлш шатахууны үнэ нэмэгдэж байна. Үүнээс гадна ажилчдын цалин хөлс нэмэгдэж байгаа болон техник тоног төхөөрөмжөөс шалтгаалах зэрэг олон хүчин зүйл байгаа. Ингэж байж зорьсон зорилгоо цаг хугацаанд нь хариуцлагатай биелүүлэх болно.
-Иргэдийн хувьд замын компани чанаргүй тавьж байна гэсэн бодолтой байдаг?
-Техник технологи хөгжсөн өнөөгийн нийгэмд замын чанарыг нарийвчлан шалгадаг тусгай тоног төхөөрөмж бүхий багажнууд байдаг. Ийм байхад чанаргүй тавьж байна гэсэн үндэслэл байхгүй. Ганцхан гол асуудал бол одоогийн мөрдөгдөж байгаанорм болон үнэлгээг өөрчлөх ёстой юм. Замын компаниудад улсын төсөв болон бондын хөрөнгөөс хийгдэж байгаа тохиолдолд үнээ өөрөө тогтоох боломжгүй байдаг. Цаанаас тогтоож байгаа үнийн дагуу л хийгдэж байгаа. Ашиг гаргахын тулд хугацаа шахаж л ажлаа гүйцэтгэнэ. Замын хэмжээг өөрчилж, чанаргүй тавих зэрэг асуудал байхгүй.
-Үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл учирч байна уу?
-Боловсон хүчний хувьд нэлээд төвөгтэй. Учир нь ихэнх нь залуучууд байдаг. Гэтэл нарийн мэргэжилтэй болон дадлага туршлагатай ажилтнууд хэрэгтэй байдаг. Мөн энэ салбарт ажиллах боловсон хүчнийг хангалттай бэлтгэх ёстой. Техник тоног төхөөрөмжийн хувьд лизингийн компани гээд асуудлыг шийдэж болж байгаа. Үүнээс гадна улсын хэмжээнд улирлын чанартай ажил гүйцэтгэдэг учраас сайн төлөвлөж, зөв зохион байгуулах ёстой.
Манай улсын хувьд замын бүхий л бүтээгдэхүүнийг гадаадаас импортлодог. Анх зарим компанитай гэрээ байгуулаад ажлыг эхлүүлсэн. Гэтэл ам.долларын өсөлтөөс шалтгаалаад үнийн зөрүү үүсч, хүндрэл үүсээд байна. Уул уурхайн компани шиг хөрөнгө мөнгөтэй бол анхнаасаа хатуу гэрээ байгуулан ажлаа эхлүүлмээр байна.
Энэ оны дөрөвдүгээр сард замын ажил эхэлсэн ч хугацаанаас өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тэдний хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал нь түлш шатахууны хомсдол. Мөн анх удаа томоохон ажил гүйцэтгэж байгаа учир нь зарим шинэ техник тоног төхөөрөмжийг урт хугацааны зээлээр авчээ. Гэтэл валютын үнийн өсөлтөөс шалтгаалаад үнийн зөрүү үүсч нэлээд хүндрэл үүсээд байгаа гэсэн юм.
Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тэд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр шаргуу ажиллаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ