“Бэрх зараа” ХХК боломж олгохыг хүслээ

НЗДТГ-ын Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг өчигдөр техникийн захуудыг нэгтгэж авто худалдааны цогцолбор байгуулах газар болон 22-ын товчоо, Мишээл экспо, Яармагийн замын ажил хэр явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

Эхлээд очсон зам бол Атар өргөөгөөс Яармагийн гүүр хүртэлх 2,2 км замын ажил байлаа. Энэ замын ажлыг “Рок пайнт”, “Наранбулаг-хан”, “Монроүд” компани гүйцэтгэж байгаа юм байна. Тэд замыг 14 хоногийн хугацаанд ашиглалтад оруулна гэдгээ мэдэгдсэн. Энэ зам нь 25 метр өргөн, нэг талдаа гурван эгнээтэй болох бөнөөд хуучин нэг эгнээтэй хоёр урсгалаас бүрдсэн зам байсан юм.

Хан-Уул дүүргийн автомашинууд зорчдог гол зам нь энэ. Дүүргийн төв хэсгээс гадна Яармаг, Нисэх, Био комбинат гэхчлэн алслагдсан суурьшлын бүс рүү энэ замаар хүрэх нь цөөнгүй. Гэвч хоёрхон эгнээндээ тээврийн хэрэгслүүд багтахаа байсан нь өргөтгөх цаг болсныг эртнээс илтгэж байжээ.

Ажил гүйцэтгэхэд тулгарч буй бэрхшээлийг тодруулахад замын доогуур нэвт гарсан шугам сүлжээний ажлыг нэрлэлээ. Цахилгааны болон дулааны системийг гэмтээлгүй, дээгүүр нь цементэн хавтан байршуулах ёстой. Гэтэл түүнийг өдөрт есөн ширхэг үйлдвэрлэж байгаа нь ажлыг хойшлуулж буй гэнэ. Түүнчлэн замыг хааж ажлаа гүйцэтгэхээс өөр аргагүй болоод байгааг дуулгалаа. Н.Гантөмөр дарга “Говь” компанийн зам хаалттай байхад зам хааж болохгүй. Хан-Уул дүүргийн хөндлөн зам бүхэлдээ хаагдана гэсэн үг хэмээн сануулав.

Харин дараагийнх нь Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх 13,6 км зам байв. Биднийг очиход зам засварын ажил үргэлжилж байлаа. Ашиглалтад оруулах хугацаа нь ирэх сарын 15-н боловч тэндхийн ажлын явцыг харахад амжихааргүй харагдсан юм. Нийт ажлын гүйцэтгэл 60 хувьтай яваа аж. Нийслэлийн удирдлагууд гүйцэтгэгч компанид тавьж буй шаардлага нь суурь хучилттай хоёр урсгал замыг, гэрэлтүүлэгтэй нь хүлээн авах. Энэ хэсгийн замын ажлыг “HKB” хэмээх Хятадын компани хариуцаж байгаа бөгөөд түүнээс хугацаандаа амжиж замыг ашиглалтад өгч чадах уу гэж асуухад "амжина" хэмээн хариулсан юм. Харин НЗД-ын орлогч Н.Гантөмөр энэ замын ажлыг хугацаанд нь хүлээж авахын тулд нэмэлт компаниуд оруулж, тал замыг нь өгч, засварын ажлыг шуурхайлахыг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржид үүрэг болгов.

Улаанбаатар хотод байгаа хамгийн муу зам нь 22-ын товчооных гэдэгтэй баруун зүгт зорчсон жолооч бүхэн санал нийлэх биз. Жил бүр засч, удалгүй эвдэрчихдэг нь “Бэрх Зараа” хэмээх компанийн ажилтай холбоотой байсан аж. Ингээд яагаад зам засварын ажил саатаад байсныг тодрууллаа.

“Бэрх зараа” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэ:

-Танай компани 2011 онд НЗДТГ-тай гэрээ байгуулж, 22-ын товчооны энэ хавийн 10.6 км замыг 2012 онд ашиглалтад оруулна гэсэн гэрээ байгуулжээ. Гэтэл одоо хүртэл яагаад энэ ажил хийгдэхгүй байгаа юм бэ, тайлбар өгөөч?

-Үүнд захиалагчдын тал, гүйцэтгэгчдийн тал аль аль нь буруутай. Өнөөдөр гүйцэтгэгч тал руу л бүх бурууг чихээд байгаа болохоос үндсэндээ 2012 оны долдугаар сард бид замын ажлын зураг төслөө авч байлаа шүү дээ. Замын ажлын зургийн 40-өөд хувь нь өөрчлөгдсөн. Бас эрхшээл ч тулгарсан. Нүүлгэн шилжүүлэлт гэх мэт асуудлаас болж хугацаа алдсан тал бий.

-Зураг төсөл яагаад өөрчлөгдсөн юм бэ?

-Зураг төслийг захиалагч тал замын компаниудад бэлэн болгож өгөөд л бид шууд ажлаа эхлэх ёстой. Гэтэл захиалагч тал өнгөрсөн оны долоодугаар сард зураг төсөлд өөрчлөлт орлоо, тусгаарлах зурвас хийхээр боллоо гэсэн. Тэгэхээр бид 2012 оны долоодугаар сард зураг төслөө хүлээж авсан гэсэн үг шүү дээ. Тэрнээс шууд 2011 онд гарч ирсэн зураг төсөл нь хэвээрээ байгаа юм биш.

-Танайх НЗДТГ-тай гэрээ байгуулж, бэлэн 6,7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэж байна. Гэтэл ажил хийгдээгүй. Тэгвэл одоо энэ мөнгөн дүндээ таарсан зам засварын ажлыг бүгдийг хийж гүйцэтгэж, НЗДТГ-т хүлээлгэж өгнө биз дээ?

-Энэ нийт 10,6 км зам. Ямар ч байсан ирэх сарын 15-н гэхэд өнгөн асфальтаа тавиад бүх цагаан зураасуудаа хийгээд ажлаа дуусгана. Маргаашнаас хучилтын ажлаа эхэлнэ. Энэ хавьд байсан 125 обьектийг Нийслэлийн газрын албатай ярьж байгаад нүүлгэн шилжүүлсэн. Уг нь газрын алба дангаараа газар чөлөөлөх ёстой байдаг. Гэтэл манайх энэ ажилд нь оролцсон.

-Санхүүжилтийн хувьд танай компани өөрсдөө мөнгө гаргана биз дээ. Нийслэлээс гэрээнд заасан мөнгөө танай компанид өгчихсөн юм байна шүү дээ?

-Бид нар өнгө, асфальт хучилтаа хуччихаад НЗДТГ-т хандана. Энэ замын тендер шалгаруулалт 2006 онд болсон. Тэр үед нэг тонн асфальт 128 мянган төгрөг байсан. Одоо 185 мянган төгрөг болчихсон. Бас түлш 1100 байсан бол 1700 гараад явчихсан. Энэ мэт зөрүүтэй асуудлаа хэлнэ дээ.

-Ямар ч байсан ирэх сарын 15-нд энэ замыг ашиглалтад оруулж, хүлээлгэж өгнө гэж ойлгож болох нь ээ, амжих уу?

-Амжина аа.

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж:

-22-ын товчооны энэ зам яагаад ингэж засагдахгүй , хоног хугацаа алдаад байгаад байна?

-Энэ замын засварын ажлын гэрээг 2011 онд байгуулсан. 2012 оны долоодугаар сарын таванд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан субьект нь “Чи Чи Ар” нэртэй Хятадын компани, харин гүйцэтгэгчээр “Бэрх зараа” гэдэг компани ажиллахаар болсон. Гэтэл одоо хоёр жил өнгөрөөд байхад зам бүрэн дуусаагүй. Өнгөрсөн зуны наадмаар нийслэлээс төсөв гаргаад хуучин шороогоороо байсан замуудыг суурь асфальтан хучилт хийгээд баяр наадмыг өнгөрүүлсэн. Яагаад энэ зам эвдрээд байна вэ гэвэл дуусгаагүй болохоор. Энэ замд гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт, явган хүний зам, хоёр үе асфальтан хучилт хийгдсэн байх ёстой. Гэтэл гүйцэтгэгч компани нэг үе асфальтан хучилтыг нь хагас дутуу хийгээд хаячихсан. Одоо бүрэн дуусгана гэх юм бол энэ бүх эвдрэлийг дахин засах ёстой. Ингэж байж “Бэрх зараа” компани гэрээний үүргээ биелүүлсэн гэгдэх болно.

-“Бэрх зараа” компанид ямар арга хэмжээ авах вэ, гэрээгээ цуцлаж хохирлоо төлүүлнэ биз дээ?

-14 хоногийн өмнө Нийслэлийн засаг даргын орлогч энэ зам дээр ирж танилцсан. “Бэрх зараа” компанийг шүүхэд өгөөд асуудлаа хурдан шийдэх чиглэл өгсөн. Бид тэр дор нь Нийслэлийн төсвөөс мөнгө гаргаад нийслэлийн үйлчилгээний “Улаанбаатар” компаниар хийлгүүлэх гээд хөрөнгө мөнгөний асуудлаа шийдүүлээд байж байтал, “Бэрх зараа” компани “Бид энэ ажлаа дуусгана. Бидний өр нэмэгдээд байна” гэсэн санал тавьсан.

-Өр нэмэгдэнэ гэж юу ярьж байгаа юм?

-Нийслэл гэрээ байгуулах үедээ тус компанид 6.7 тэрбум төгрөг өгсөн. Дээрээс нь Нийслэлийн төсвөөс 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж засвар хийсэн. Тийм болохоор нийслэлээс гаргасан энэ мөнгө энэ компанийн авсан мөнгөн дээр нэмэгдэж өр болж байгаа юм.

-Захиалагч талаас замын зураг төсөлд өөрчлөлт оруулснаас болж хугацаа алдсан гэж “Бэрх зараа” компанийн захирал хэлж байна. Нийслэлээс яагаад энэ замын зураг төсөлд өөрчлөлт оруулаад байсан юм бэ?

-2012 онд би ажил аваагүй байсан. Тэр үед зураг төсөлд нь өөрчлөлт орсон зүйл байдаг юм билээ. Гэхдээ 2011 онд гэрээ хийгээд 2012 онд ашиглалтад өгнө гэж гэрээ байгуулсан л бол зураг төсөлд өөрчлөлт орсон чзахиалагч болон гүйцэтгэгч талууд харилцан тохиролцож, ярилцаж ажлыг дуусгах бололцоо байсан гэж би бодож байна. Энэ зам одоо ямар ч хариуцах эзэнгүй болчихоод байна. Хоёр давхар асфальтан хучилт хийх ёстой байтал нэг л давхар хийчихээд байгааг харж байгаа биз дээ.

-Одоо энэ компанид итгэл хүлээлгэх үү?

-Одоо хугацаа маш богино байна. Аравдугаар сарын 15-н гэхэд асфальтаа тавьж дуусгана гэж сая Бат-Эрдэнэ захирал ярих шив. Хотын орлогч дарын хэлснээр бол одоо энэ компанитай байгуулсан гэрээгээ цуцлаад, өөр компаниар замын ажлыг гүйцэтгүүл гэсэн тушаал өгч байна. Харин “Бэрх зараа” ХХК-ийнхан маргаашнаас эхэлж тав хоногийн хугацаанд замын цоорхойг нөхөөд, ирэх сарын 15-ныг хүртэл асфальтаа тавина гэж амлаж байна. Тэгэхээр нэг сарын хугацаанд итгэл үзүүлээд дахиад харж үзье гэж бодлоо.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ