Н.Гантөмөр: Машин зардаг бүх захыг нүүлгэнэ

Улаанбаатар хотын хэмжээнд авто машин худалдаалах аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн ба энэ нь импортоор оруулж ирж буй авто машины эрэлттэй холбоотой бөгөөд жилд дунджаар улсын хэмжээнд 45000 мянган авто машин шинээр нэмэгдэж орж ирж байна.

2013 оны байдлаар Улаанбаатар хотод авто машин, техник,сэлбэгийн худалдаа эрхэлдэг “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Техник импортын зах”, “Цахлай”, “Дизель хүрээ”, “Дако”, “Буян хурах”, “Сутайн буянт” ХХК гэсэн есөн зах байна. Эдгээр захууд нь 25 орчим га талбайг хамарч байгаа бөгөөд 8000 орчим түрээслэгчтэй, өдөрт дунджаар 6000-10000 хүн үйлчлүүлдэг байна. Авто худалдааны төвийг нэгтгэснээр хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэд тав тухтай орчинд худалдаа эрхлэх, үйлчлүүлэх ач холбогдолтой юм.

Тиймээс СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт Хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын авто төлөвлөгөөтэй уялдуулан ерөнхий төлөвлөгөө боловсруулж, автомашинуудын нэгдсэн том худалдааны төв байгуулахаар болжээ.

Авто худалдааны цогцолборт худалдаа үйлчилгээ болон оффисийн барилга, авто экспо төвийг төлөвлөсөн ба тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн, яармаг худалдаа зохион байгуулах боломжтой. Мөн авто машин худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолыг төлөвлөлтөд тусгаж, худалдан авагч нарт зориулан туршилт хийх хатуу хучилттай авто зам төлөвлөжээ.

22-ын товчооноос авто худалдааны төв барих тэр хэсэг газар луу очиход хоёр километр зам байлаа. Удирдлагуудын хэлж буйгаар энэ хооронд зам тавих гэнэ. Энэ талбайд хотын эзэмшлийн 130 га газар байгаа. Үүнээс 60 орчим га газарт энэ бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ. Үлдсэн газрыг дүүрэг болон бусад газрууд авах санал гаргаад байгаа гэв.

НЗД-ын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр:

-Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-Бидний зогсож байгаа энэ газар бол авто зогсоол болгоход маш тохиромжтой газар. Ийшээ орж ирдэг зам тавьж эхний ээлжинд таван га газарт 2500 автомашины зогсоол барьж цаашид нийтдээ 10 мянган автомашин байрлуулах хүчин чадалтай автохудалдааны төв байгуулах ажлыг эхлүүлэх гэж байна. Бид эхлээд зураг төслөө гаргана. Зураг төсөл дараа долоо хоногт дуусчих байх. Бид энэ худалдааны төвийг олон улсын автомашины үзэсгэлэн худалдааг байнга зохион байгуулдаг газар болгохоор ярьж байна. Ингэснээр автомашины түгжрэл нилээдгүй хувиар багасах юм.

-Техникийн бүх захууд ийшээ нүүж ирнэ гэж ойлгож болох уу?

-Өчигдөр өглөө бид бүх авто худалдаа болон сэлбэг хэрэгсэл худалдаалдаг хөрөнгө оруулагчидтай уулзсан. Энэхүү автомашины худалдааны төв байгуулах ажлаа танилцуулж тэдэнтэй санал бодлоо солилцсон байгаа. Хамгийн гол нь авто худалдааг нүүлгэн шилжүүлэх гэдэг дээр санал нэгдсэн. Үүнийг манай захирагчийн ажлын алба хариуцан ажилладаг. Эндээс хэн ямар газар үйлчилгээ явуулахыг нэг мөр шийднэ. Энэ бол алслагдсан боловч нэлээн томоохон худалдааны төв болж өргөжнө гэсэн байр суурьтай байна. Эхний ээлжинд автомашин дараагаар нь техник, сэлбэгийн худалдааны газруудыг хотоос шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

- Бүрэн хэмжээнд ашиглалтад ороход хэдий хэр хугацаа орох бол?

-Энэ намар замаа тавиад тав орчим га талбайг бэлдэнэ гэсэн бодолтой байна. Дараа жилээс энэ ажил өргөн хүрээнд зохион байгуулагдана. Бүрэн хэмжээнд бол 2016 оноос дуусах байх.

-Энд шилжүүлсэн автомашин худалдаа эрхлэгчдийн өмнө байсан газрыг хэрхэн ашиглах вэ?

-Тухайлбал, ерөнхий төлөвлөгөөгөөр бол “Да хүрээ” захын газар бол суурьшлын бүсэд хамаарагддаг. Үүнийг төлөвлөгөөнийх нь дагуу ашиглана. Зарим нэг зогсоолууд нь хувь аж ахуй нэгжүүдийн өмч. Тиймээс тухайн өмчлөгч тэр зогсоолоо яаж ашиглах уу гэдгээ шийднэ байх. Ер нь бол төвдөө томоохон худалдааны төвүүд байх нь зохимж муутай. Худалдаа хийж байгаа хүндээ ч таагүй байдаг. Тэнд удаан хугацаанд автомашинаа тавих боломж нөхцөл ч бага. Энэ нь нөгөө худалдан авагчийн сонголтод ч нөлөөлнө. Энд ирээд худалдан авалт хийвэл чөлөөтэй сонголтоо хийгээд явах боломжтой болно. Давуу тал нь бүх машины худалдаа төвлөрөх болно шүү дээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ