Хөнжил дотроо хөлөө жийлцэж эхэллээ

Олон жил сөрөг хүчин байсан АН-ынхан өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхийг гартаа бариад жил гаруйн хугацааг өнгөрөөлөө. "Алтангадас" фракцынхан Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажлаа эхлүүлсэн ч түүнийг тойрсон элдэв цуурхал тасрахгүй байна. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн Шинэчлэлийн Засгийн газар тарж магадгүй, дараагийн засгийг хэн тэргүүлэх вэ гэсэн олон асуудалд цэг тавих ёстой хэмээн тайлбар хийж байгаа хүмүүс ч бий.
Тэр ч бүү хэл, МоАХ-ыг тэргүүлдэг ҮХАА-н сайд Х.Баттулга хэлсэн амандаа хүрэлгүй Н.Алтанхуягийг унагаах алхмуудыг хийж эхэллээ хэмээн хэвлэлээр бичигдэж байсан цаг саяхан. Эдийн засгийн хүнд байдал, валютын үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэгт түүнийг буруутгаж, хариуцлага үүрэх ёстойг ч сануулж, бас шаардаж байгаа.
Гэтэл өнгөрсөн даваа гаригийн “Гал үндэстэн” ТББ-ын тарьсан дуулианы хажуугаар улс төрийн хүрээнд нэгэн үйл явдал чимээгүйхэн болоод өнгөрчээ. Учир нь АН дотор анхны жигүүр ургахаар болжээ. Жигүүртэй болсон АН-ын хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус. Нэр бүхий байх уу, нөлөө бүхий жигүүр байх уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх.
Уг хурлаар жигүүрийн ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат сонгогдсон байна. Хурлаар АН-ын удирдаж буй Шинэчлэлийн Засгийн газарт олон нийтийн өгч буй үнэлэлт дүгнэлтийг хэлэлцэж чиглэл гаргасан байна. Мөн энэхүү жигүүрийг тус намын үндэсний зөвлөлдөх хорооны нэр бүхий гишүүд дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд байгаа аж. Үүнээс гадна МоАХ, Кроун, Нэг Ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН, Алтангадас, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг бүх фракцийн төлөөлөл бүхий нөлөө бүхий улстөрчид нэгдсэн байна.
Харин энэхүү хурлаас гарсан хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол Шинэчлэлийн Засгийн газрын хариуцлагагүй ажилласан 2-3 сайд огцрох магадлал өндөр байгааг тодорхойлсон явдал юм. Тэдний хувьд энэ өвөлдөө багтан огцорно гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
Ийнхүү АН-ын анхны жигүүр байгуулагдаж, Засгийн газрын сайд нарыг онилж эхэллээ. Жигүүрийн анхны хуралдаанаараа шууд засаг руу чиглэсэн асуудал яригдаж байгаань Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах гэсэн зорилготой жигүүр байх болох гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргээд байгаа. Аливаа улс төрийн хүчинд дотор ургаж байгаа жигүүр тодорхой нэгэн зорилготой байдаг. Тэр ч хүрээндээ цаашдын үйл ажиллагааг явуулдаг. Үүний жинхэнэ зорилго юу болох нь удахгүй тодорхой болно. Хөнжил дотроо хөлөө жийлцэн гэдгийн эхлэл энэ байх аа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ