Солонгосын виз мэдүүлээгүй тохиолдолд хураамжийг буцаан олгож байна

Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд хураамжийн төлбөрийг буцаан олгож байна.

Нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ оны есдүгээр сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж.

Иймээс 2007 оны зургаадугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь тус ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийгхолбогдох материалаа бүрдүүлэн хураамжийн төлбөрөө буцаан авахыг тус улсын ЭСЯ-наас уриалж байна.

Бүрдүүлэх материалд визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбар байх бөгөөд баримтаа бүрдүүлж өгснөөс хойш дараах сарын 15-ны дотор шийдэгдэнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны цахим хуудсаас авч болох юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ