Малайзад байгаль орчин, эрүүл мэндийн асуудлаар чуулав

Зүүн өмнөд болон Зүүн азийн орнуудын Байгаль орчин, Эрүүл мэндийн асуудлаарх Сайд нарын гуравдугаар Форум Малайз улсын Куала Лампур хотноо боллоо. Энэхүү форумд НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөр, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагууд, Монгол, БНСУ, БНХАУ, Бруней, Вьетнам, Индонез, Камбуж, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин, Япон зэрэг 14 орны төлөөлөгчид оролцов.Монгол Улсыг төлөөлөн БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, ЭМ-ийн сайдын зөвлөх М.Туяа нарын хүмүүс оролцлоо.

Форумд оролцогчид бүс нутгийн хүрээнд байгаль орчин, эрүүл мэндтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, өмнөх хоёрдугаар форумаас томилогдсон сэдэвчилсэн ажлын хэсгүүдийн тайланг агаарын чанар, ус, ариун цэвэр, эрүүл ахуй , хатуу болон аюултай хог хаягдал, орчны дулаарал, экосистемийн өөрчлөлт, химийн хортой бүтээгдэхүүн,орчны эрүүл мэндийн тусламж, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ зэрэг сэдвийн хүрээнд сонсож хэлэлцэв. Мөн ДЭМБ-ийн Евро бүсийн Байгаль орчин, Эрүүл мэндийн хөтөлбөрийн зохицуулагч Dr. Srdan Maticөөрийн бүсийн 20 гаруй жилийн туршлагаас хуралд оролцогчдод илтгэв. Евро бүс дэх уг хөтөлбөрийн онцлог нь санхүүжилтийн эх үүсвэрийг олон талаас бүрдүүлдэг, гишүүн орнууд нь албан бус боловч нэмэлт дэмжлэгүүдийг харьцангуй хангалттай өгдөг байдал нь санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлдэг ажээ.Евро бүсийн байгаль орчин, эрүүл мэндийн хөтөлбөр жилдээ 20 гаруй сая ам.долларын санхүүжилттэй байдаг бол манай орны харьяалагддаг Зүүн өмнөд болон Зүүн азийн бүсийн өнгөрсөн жилийн төсөв нь 1 сая ам.доллар байсан байна.

Хурлаар гишүүн улс тус бүр өөрсдийн байр суурийг илэрхийлэн илтгэл хэлэлцүүлсэн. БОНХ-ийн Дэд Сайд Б.Тулга “Уул уурхайн салбарын өсөлттэй зэрэгцэн байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нэн тэргүүний ач холбогдол өгч байгааг дурдаад, үүний тод жишээ нь ЗГ-ын бүтцэд үндсэн чиг үүргийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг шинээр байгуулсан, өнгөрсөн оны 5 дугаар сард Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль баталсан явдал юм” гээд манай орны онцлогтой холбогдуулан орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ, мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлийг үнэлэхэд бүсийн хэмжээнд харилцан туршлага солилцох, мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлж ажиллах санал дэвшүүллээ.

Хурлын хэлэлцүүлгүүдийг үндэслэн “Куала Лампурын тунхаг”-ийг нийт гишүүн улсуудын байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд нар болон НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн удирдагчид соёрхон баталжээ. Мөн дараагийн форумыг 2016 онд Филиппин улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ