"З.Баянсэлэнгэ МАН-ыг дэмж гэж мөнгө тараалгасан"


2012 оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмж хэмээн иргэдээр мөнгө тараалгажээ. Тодруулбал, гурван сая төгрөгийг 50, 50 мянгаар тараасан байна. Гэвч уг хэрэг хуулийн байгууллагад шалгагдахад мөнгө тараалгасан гэх УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нар хэргээс мултарч, өгсөн үүрэг даалгаврых нь дагуу мөнгө тараасан гэх Н.Хишигсүрэн нарын хүмүүс шүүгдэхээр болжээ. Ингээд гардан мөнгө тараасан Н.Хишигсүрэнтэй ярилцлаа.
-Болсон явдлын талаар тодруулахгүй юу?
-2012 оны орон нутгийн дахин сонгуулиар би МАХН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Гэтэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Нөхөн сонгуулиар бид МАН-тай нэгдэж байгаа” гэдгээ дуулгасан. Тэр үед би З.Баянсэлэнгэд “Ийм зүйл байж болохгүй. Угаасаа нам өөрөө бие дааж орно гэчихсэн байхад та нар дундаас нь ийм янз бүрийн асуудал гаргаж болохгүй гэсэн. Гэтэл З.Баянсэлэнгэ бид нарын тавьж байгаа асуудал биш. Манай намын удирдлагууд өөрсдөө зохицуулж байгаа гэж байсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн удирдлагуудтай ярьж тохироод МАН-ынхныг гаргах, МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрийг түдгэлзүүлээд, өөрсдөд нь санал өгсөн хүнийг МАН-д санал өгүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон. Улмаар З.Баянсэлэнгийн заавраар надтай нийлээд таван хүн мөнгө тараасан. Тэгээд би энэ асуудлыг ер нь бид хууль зөрчсөн асуудал байна гэж үзэн, хуулийн байгууллагад үнэнээ хэлж, гэрчээр орсон. Ингээд гэрчээр явж байтал мөрдөн байцаалтын явцад шууд л яллагдагчаар татагдсан. Тухайн үед гэрчээр явж байсан бүх хүнийг яллагдагчаар татсан. Намайг гэрчлэх гэрчүүдийн нэгийг ч байцаахгүй. Зөвхөн бид нарыг л байцаагаад байна.
-Нийт хэдэн хүнийг байцааж байна вэ?
-МАН-аас нэр дэвшсэн Н.Бугасүрэн болон менежер нь Н.Батманлай, манай сонгуульд туслахаар ажиллаж байсан гурван залуу шалгагдаж байна.
-Тэгэхээр таны хувьд З.Баянсэлэнгэ гишүүнийг яллагдагчаар татах хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Н.Содхүү, З.Баянсэлэнгэ нар зохион байгуулж удирдсан байтал ард нь сугараад үлдсэн. Бид удаа дараа З.Баянсэлэнгэ нарыг шүүгдэгчээр татах ёстой гэсэн өргөдөл цагдаа, прокурорын байгууллагад өгсөн. Ерөнхий прокурор дээр өгсөн өргөдлийн хариу одоо Чингэлтэй дүүргийн шүүх дээр ирсэн байгаа гэж байсан.
-З.Баянсэлэнгэ гишүүн таныг мөнгө тараахыг өөрөө санал болгосон уу?
-З.Баянсэлэнгэ намайг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир хорооны дарга болгоно.Та ямар ч байсан МАН-ыг дэмж гэсэн.
-З.Баянсэлэнгэ гишүүнтэй уулзсан уу?
-Уулзсан. З.Баянсэлэнгээ чиний зохион байгуулсан зүйл чин хууль бус ажиллагаа болчихлоо. Тиймээс би үнэнийг хуулийн байгууллагад илчлэх болно гэж хэлж байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ та өөрөө наад асуудлаа шийд. Ер нь улс төр гэдэг чин их заваан зүйл гэж хэлсэн. Уг нь З.Баянсэлэнгэ жагсаал цуглаан болгон дээр л шударга байя гэж яриад явдаг хүн. Гэтэл УИХ-ын гишүүн болчихоод улс төр өөрөө ийм заваан гэсэн утгатай юм яриад сууж байна.

Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ