Аминдэм гээд “амлоденк” өгч алжээ

ЭМЯ бодлогын хувьд дампуурснаас гадна эмнэлгийн үйлчилгээ, тэдний ажилтнуудын хариуцлага ч дампуу талдаа болсныг бид удаа дараа бичсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дорнодын Хэрлэн суманд гарсан хэрэг хариуцлагагүй гэхээсээ туйлын аюултай юм.

Хүний, тэр дундаа хүүхдийн амь насанд хүрсэн гэхээр тийм байна л даа. Эмчийн бичсэн жороор бол талийгч хүүд/найман настай/ “витамин В динк” өгөх ёстой байж. Гэтэл эмийн сангийн хариуцлагагүй ажилтан түүнд “амлоденк” хэмээх эм өгчээ. Хүү тэр эмийг уугаад эрс мууджээ.Болохоо байсанд түргэн дуудан эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Гэсэн хэдий ч сэхэл авалгүй байсаар нас баржээ.

Ууж байсан гэх эмийг нь шалгатал даралт хүчтэй бууруулдаг, насанд хүрсэн хүн ч өдөрт нэгийг уух учиртай “амлоденк” гэх эмийг түүнд хоёроор хүртээж байсан аж. Балчир амьтан яаж тэсэх вэ. Даралт нь босохооргүй уначихгүй юу. Ингээд эмийн санг шалгахад, дээрх эм, “витамин В денк” хоёр нь нэг саванд холилдчихсон байж. Ийм хайнга юм гэж бас байдгаа.

Энэхүү эмээр үйлчилсэн эмийн санчийг Э.Оюунномин, газрыг нь “Мянган сарнай” гэх. Гоё нэртэй эмийн сан, эмийн санч хоёрын хэрэг ингээд дууссангүй. Тус эмийн сангийнхан хадгалалтын горим алдагдуулснаас эмийнх нь хаяг халтартах, танигдахгүй болох, тасалгааны температурт буюу ( +8 +15) хэмд хадгалах эмийг хөргөгчид хийсэн, хугацаа дууссан мэс заслын боолтуудыг ариунтай нь хольсон, ариун байх дүрэм, журам зөрчсөн гээд л алдаа мадаг нь ар араасаа хөвөрсөөр байгаа юм.

Энэ талаар санал гомдлоо талийгаач хүүгийн эцэг,эх ЭМ-ийн сайд Н.Удвалд удаа дараа хүргүүлсэн ч ёстой нэг нүдээр үзээгүй юм байх. Өнөөг хүртэл ямар нэг хариу очсонгүй. Шинэчлэлийн Засгийн газрын саaд шинэчлэх биш улам хуучруулж сууна даа. Хариуцлагагүйн зуд гэж үнэхээр байдаг аваас үүнийг л хэлэх биз ээ. Энэ яамыг нээрээ яамаар юм бэ дээ. Яамны мэргэжилтнүүд, ажилтнууд нь гэж бөөн хүнд суртлын эзэд, үл мэдэгчид байдаг гэж байгаа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ