Зуны амралт дууссан ч хуруу зузаан гэрийн даалгавар авав

Тэдний зуны амралт ерөнхийдөө өндөрлөж, УИХ-ын ээлжит бус чуулган эхлээд эрхэм гишүүдээс хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Н.Номтойбаяр, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүн Су.Батболд санаачлан боловсруулжээ.

Мөн Ц.Даваасүрэн, Г.Батхүү, Д.Батцогт, С.Баярцогт, С.Бямбацогт, С.Ганбаатар, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Д.Хаянхярваа, Ц.Цолмон, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг нарын 15 гишүүн Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах бусад хуулийн төслийг санаачлан боловсруулсныг бодоход уг хуулийн төсөл ихэд чухал бололтой. Аль аль намаас төдийгүй парламентын “Хэцүү ангийнхан”-ы амидаанууд бүгдээрээ оролцжээ.

Одоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөөс эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг ид хэлэлцэж эхлээд байна.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газраас санаачлан боловсруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг спикерт өргөн барьсан бол түүний араас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл ч парламентын тогоонд ээлжээ хүлээж байна. Ти Батаарын араг яснаас хойш түүх соёлын үнэт олдворыг хамгаалах тухай асуудал хурцаар тавигдаж, анх 2001 онд батлагдсанаас хойш дөрвөн ч удаа гар хүрсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг ийнхүү шинэчлэхэд хүрчээ.

Ээлжит бус чуулганы хэлэлцэж эхэлсэн зарим хуулийн төсөл дээр УИХ-ын байнгын хороодоос ажлын хэсэг ч байгуулав. Ямар ч байсан “Хэцүү ангийнхан” энэ сарын 16-27-ны өдрийн хооронд хуруу зузаан хуулийн төслүүдийг уншиж судлах гэрийн даалгавар аваад байна.

Ааяа доктор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ