Дотооддоо үйлдвэрлэсэн ургамлын тос хэрэглэдэг болно

Төрөөс тариаланчдыг хэрхэн дэмждэг юм бол. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил шатахууны урамшуулал олгосон. Тариаланчид шатахуунаа авахдаа 50 хувийг нь өгөөд, үлдсэнийг нь ургацаа хурааж аваад борлуулсны дараа өгөх бодлого хэрэгжсэн. Гэвч энэ нь нэлээдгүй хэл ам дагуулсан. Тариаланчид нөгөө шатахууны урамшууллын мөнгийг төлөх гэж өрөнд орж дууслаа хэмээн гомдоллож явсан. Тэгвэл салбарын яамнаас нь “Тариаланчдаа байнга дэмжинэ. Яагаад гэвэл дотоодын үйлдвэрлэлд маш чухал ач холбогдолтой салбар. Энэ онд ХАА-н үйлдвэрлэл 15-16 орчим хувиар өсөх урьдчилсан дүн мэдээ гарсан байна билээ. Тиймээс энэ салбарынхаа үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь илүү сайжруулах, экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх ёстой. Төмс, буудайгаа экспортолмоор байна. Энэ жилийн хувьд тосны ургамал нэлээд экспортолно. Энэ оны сүүлчээр гэхэд дотоодынхоо хөрсөнд ургасан ургамалын тосоо хэрэглэх бололцоо бүрдэж эхэлнэ” хэмээж байна. Харин шатахууны урамшууллаас болоод тариаланчид ямар ч өрөнд ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээ “Энэ жил ч гэсэн тариаланчдад шатахууны урамшуулал олгож байгаа. Өнгөрсөн жил өрөнд орсон зүйл байхгүй. Манай тариаланчид ургацаа хурааж аваад л өгчихдөг” хэмээн ярьсан. Тэгвэл энэ жил төрөөс тариаланчдыг хэрхэн дэмжиж байгааг сонирхуулья.

Төрөөс тариаланчдад үзүүлсэн дэмжлэг

/Шатахуун, үр/

Тариалалтад 685 аж ахуйн нэгж, иргэнд 2358 тонн шатахуун, 106 аж ахуйн нэгж, иргэнд 2841 тонн буудайн үр, уринш бэлтгэлд 433 аж ахуйн нэгж, иргэнд 1638 тонн дизелийн түлшийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгов.

/Төмс, хүнсний ногоо/

135 тонн төмсний элит үр, 10 нэр төрлийн 12.6 тонн хүнсний ногооны үр хөнгөлөлттэй олгосон. Төмс, хүнсний ногоооны үйлдвэрлэл эрхлэгч 86 аж ахуйн нэгж иргэнд 200.0 сая таграгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэв.

/Жимс жимсгэнэ/

“Жимс жимсгэний суулгац үржүүлгийн плантаци байгуулах”-д зориулан 750.0 сая төгрөгийн зээлийн дэмжлэг, жимс жимсгэний 770.0 мянган ширхэг суулгац, гүзээлзгэний 60.0 мянган ширхэг суулгацыг худалдан авч 200 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд зээлээр олгож тариалав.

/Зоорь, агуулах/

“Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд зоорь, агуулах байгуулах, өргөжүүлэх зорилгоор 23 төслийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахаар Монгол банкинд хүргүүлэв.

/ Хүлэмж /

240 ам метр талбай бүхий 50 иж бүрдэл хүлэмжийг Улаанбаатар, Төв, Баянхонгор, Архангай, Орхон, Сүхбаатар аймагт таван жилийн хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлээр олгов. Өвлийн шилэн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах төсөл боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

/Ургамал хамгаалал /

700 гаруй аж ахуйн нэгжид 358.4 мянган литр ургамал хамгаалалын бодис, 640 тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгов.

/Услалтын систем/

1048 га талбайг услах хүчин чадал бүхий 10 услалтын системийг шинээр барих, сэргээн засварлахад 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ