Ц.Баярсайхан ядуу хүний зовлонгоор яасан их тоглох юм


Орон сууцгүй иргэдийн магнайг тэнийлгэж байсан найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа 30 хувь байснаа 60 хүртэл суга өсөв. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар моргейжийн найман хувьтай зээлийн хэмжээнд 80 саяар тотго тогтоож, зөвхөн ашиглалтад орсон барилгаас байр авсан иргэдэд олгоно хэмээн С.Батболдын танхимын зургаан хувийн хүүтэй зээлээс хамаагүй шалгуур багатай төвөггүй болгосон хэмээн эхэндээ ихэд рекламдсан. Гэвч их санасан газар ес хоног хоосон гэгч болж эхэллээ.
Ээлжит бус чуулганы хэрүүлтэй зэрэгцээд ХАС банк орон сууцны зээлийн урьдчилгааг шууд 60 хувьд хүргэсэн даруйд Худалдаа хөгжлийн банк 20-40, Төрийн болон Капитал банк 30-50 хувь болгосон байна. Ийнхүү иргэд, арилжааны банкуудын хооронд бас нэг хэрүүлийн бай бий болов. Хэдхэн том ченжүүдийн харгайгаар ам.долларын ханш 1715 төгрөг болж тэнгэрт хадсаны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ дагаад намирсан. Валютын ханшийг тогтворжуулж чадаагүй Монголбанкны урагшгүй үйл ажиллагаа арилжааны банкуудад аятайхан шалтаг гаргав бололтой.
Ер нь Монголын төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг ёс юм шиг сөрж байдаг хачин хандлага хавтгайрч дээ. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг 10 хувь болгох тухай бодлогын баримт бичгийг Засгийн газраас гаргана. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаад байгаа мөртлөө 30 хувийн урьдчилгаа төлж чадахгүй айл олон бий. Тиймээс бид 10 хувийг нь тухайн гэр бүлээс гаргуулаад үлдсэн 20 хувийг “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас нөхөөд 30 хувьд хүргэнэ хэмээн сайхан амлаж байсан нь дөнгөж энэ хаварсан. УИХ,Засгийн газрын гишүүн хамар дор хагархай байна гэсний зоргоор хариуцлагагүй чалчдаг юм уу, тэдний үг тэгтлээ үнэ хүндгүй болчихсон юм уу.
Манай томчуудын дагаж дуурайгаад байдаг Америкт бол моргейжийн зээлийн урьдчилгаа 30 хувиас яагаад ч давдаггүй юм гэсэн. Уг нь 10 хувь байснаа хөрөнгийн зах зээлийн хямралаас болж нэмэгдсэн ажээ. Засгийн газрын гаргасан Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэл хувь байна. Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан. Засгийн газар журмаа мартаагүй бол даварсан банкуудын дураар авир гаарлаа шүү.
Байгаль орчноо сүйтгүүлэхгүйн төлөө боссон “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн аргаа барахдаа буу тавьсан нь буруутай болохоос биш , тэмцлийнх нь зорилго бол түмэн зөв. Түүн лүгээ ядарсан олны амьжиргааны төлөө зүтгэлийг улан дороо гишгэсэн увайгүй үйлдлүүд эцэстээ юунд хүргэх бол.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ