С.Сарантуяа: Өөрийгөө дотроосоо чимхэж тоглосон

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрмийн театр нь өөрийн тайзнаа үндэсний хэл соёл, ёс заншил ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны сор болсон 400 гаруй бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд баяжуулан туурвиж, үзэгч түмнийхээ оюуны соёл боловсролд ямагт хувь нэмэрээ оруулсаар ирсэн.

Энэ удаа У.Шекспирийн дараа бичигдэх сонгодог жүжгийн зохиолч хэмээн үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рейкуни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг УДЭТеатрын найруулагч СТА Н.Наранбаатар найруулан “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр маргааш 20 цагаас хүчирхэг монголынхоо оюунлаг залуусын хүртээл болгоход бэлэн болжээ. Энэ тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Жүжгийн гол онцлог нь яриа гэхээсээ илүү бүжиг, орчин цагийн хэмнэлийг илүү тусгасан байна. МУАЖ С.Сарантуяагийн хувьд Оливер Харрит Браун хэмээх зохиолч эмэгтэйгийн дүр бүтээх гэнэ. Энэ эмэгтэйн дзр нь маш их ганцаардсан, зөвхөн өөрийнхөө ертөнцөөр амьдарч яваа бүсгүй аж. МУАЖ С.Сарантуяа хэлэхдээ "Жүжигчид бид ямар ч жанрын жүжигт, ямар ч дүрийг бүтээж чаддаг байх ёстой. Би энэ удаа өөрийгөө дотроосоо чимхэж тоглосон" гэсэн юм.

Энэхүү жүжиг нь 3-4 цаг үргэлжлэх бөгөөд нэгэн гэр бүлийн амьдрал, эхнэр, нөхрийн хууралт гэх мэт өнөөдрийн нийгэмдамьдарч байгаа хүмүүсийн мэдэх энгийн зүйлийн тухай өгүүлэх боловч гүн агуулгатай. Манай нийгэмд гэр бүлийн салалт ихэссэн, мөн гэр бүлийн үнэ цэнэ үгүй болж байгааг, энэ нь нийгэмд ямар хор уршигтайг залуучуудад ойлгуулж энэ амьдралын эцсийн зогсоол нь зөвхөн гэр бүл гэдгийг мэдрүүлэх зорилгоор бүтээгдэж буй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан байна. Энэхүү жүжиг нь Драмын театрын 2007 оноос хойш хийсэн анхны инээдмийн жүжиг нь юм.

Жүжгийн гол дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь,СТА Л.Дэмидбаатар, Ц.Төмөрхуяг, Ц.Цэрэнболд,Д.Баттөмөр, Б.Отгонбат, Т.Хулан, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Б.Одончимэг, Б.Тамир, Т.Тогтохжаргал нар тоглох юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ