"Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

"Намрын ногоон өдрүүд-2013” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Найм дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн "Эрүүл хүнс-2013" хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, "Алтан намар-2013" шинэ ургацын баяр, "Шилмэл мал-2013" үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдан зохион байгуулагдаж байна. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой үзэсгэлэн Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ үеэр “Монгол сүүний нэг өдөр”, “Эрүүл махан бүтээгдэхүүн”зэрэг өдөрлөг зохион байгуулагдана.
Ц.Туваан: Ургацаа хүндрэлгүйгээр хугацаанд хурааж авна
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваанаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Энэ удаагийн үзэсгэлэн яармаг өмнөх жилүүдээс ямар онцлогтой болж байна вэ?
-“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд хүнсний 120 гаруй аж ахуйн нэгж, 200 гаруй хүнсний ногоо тариалагчид оролцож байна. Жилээс жилд илүү өргөн хүрээнд болж байна. Мөн энэ жил хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Хүнсний бүтээгдэхүүнийг задгай талбайд худалдахгүй бөгөөд стандартын шаардлага хангасан газар худалдах ёстой. Энэ хүрээнд Дүнжингаравтай хамтран ажиллаж байна.
-Өмнөх жилүүдэд иргэдээс энэхүү үзэсгэлэн яармагийн хугацааг сунгаж өгөх хүсэлт ихээр тавьж байсан. Энэ байдлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Энэ санал хүсэлт ихэвчлэн манай хүнсний ногоочидоос гардаг. Иймд энэ сарын 5-аас эхлээд Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд 120 гаруй лангууг үнэгүй өгч, ирэх сарын 15-н хүртэл үргэлжлүүлэхээр зохицуулсан байгаа. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд том зургаа, жижиг 22 худалдааны цэгт хүнсний ногоог борлуулахаар “Шинэ ургацын ногоо” гэсэн төвийг ажиллуулж байна.
-Цаг агаарын байдал сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч байна. Ургац хураалт хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Улаанбуудайн хувьд долоон хувьтай, төмс, хүнсний ногооны хувьд 30 гаруй хувьтай явагдаж байна. Дүн албан ёсоор нэгтгэгдээгүй байна. Гэхдээ бид бэлтгэлээ сайн хангасан. Иймд энэ жилийн тарьж ургуулсан тариа ногоогоо цагт нь буюу цаг уурийн хүндрэлээс өмнө хурааж авна.
-Ургац хураалт хэзээ дуусах вэ?
-Аравдугаар сарын эхний 10-н хоногтоо багтаж дуусгахаар ажиллаж байна.
-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах уу?
-Улаанбуудай болон төмс бүрэн хангасан. Хүнсний ногоо 56-57 хувийн хангалттай байна.
Энэ үеэр зарим улсын шилдэг ногоочин Т.Цэцэгмаатай уулзсан юм.
-Хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирж оролцож байна. “Намрын ногоон өдрүүд”арга хэмжээнд долоо дахь жилдээ оролцож байна.
-Ямар ургацтай ирэв?
-Хөвсгөлийнхөө брэнд болсон 10 килограммтай байцаа, нэг килограммтай төмс болон онгон байгалиас түүсэн 40гаруй нэр төрлийн эрүүл мэндэд тустайэмчилгээний ургамалтай ирээд байна.
-Таны хувьд хэдэн жил ногоо тариалж байна вэ?
-50 гаруй жил тарьж байна.
Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төвийн В2 танхимд болох юм. “Шилмэл мал”-2013 үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-22-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдаж, гойд ашиг шимт үржлийн малын худалдаа, гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн худалдаа, шилмэл малын үнэ хаялцуулах дуудлага худалдаа болох аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ