103 газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон

Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж газрын зөрчлийг илрүүлэх, арилгах, газрын маргаантай асуудлуудыг судлан шийдвэрлэхзорилготой ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсэг уг зорилгынхоо хүрээнд ундны усны ундарга дээр буусан айлуудыг албадан нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн товчооноос баруун тийш Туул гол дагуу зөвшөөрөлгүй буусан иргэдийн хашааг албадан буулгаж байгаа юм. Учир нь эл газар нь Туул голын ай сав, ундны усны хамгаалалтын бүсэд багтдаг аж.
Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанаас ундны усны хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэдэд удаа дараа нүүх шаардах хуудас, мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд үл тоомсорлон олноор бууж, гэр барин хашаа хатгаж эхэлсэн байна. Тиймээс айлуудыг хашааг албадан буулгаж, нүүлгэх ажиллагааг эхлүүллээ.
Энэ талаар тус дүүргийн Өмч газрын харилцааны албаны хяналт шалгалт, хууль зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Эрдэнэцагаанаас тодрууллаа.
-Энэ хорооны хувьд хэчнээн айл зөвшөөрөлгүй буусан байгаа вэ?
-Арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр нь Туул голын ай сав, ундны усны хамгаалалтын бүсэд багтдаг. Энэ бүс нутагт 60 гаруй айл зөвшөөрөлгүйгээр хашаа татсан.
-Өмнө нь энэхүү арга хэмжээг авч байсан уу?
-Анх энэ бүс нутагт 150 гаруй айл байсан. Бид хашааг нь албадан буулгасан. Гэтэл удсан ч үгүй дахиад 60-аад айл хашаа татаад байна.
-Иргэдийн хувьд ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлдэг үү?
-Мэдээж эсэргүүцлээ илэрхийлдэг. Гэхдээ манай албанаас өмнө нь удаа дараа шаардлага хүргүүлж байсан. Иймд иргэд гурван удаагийн шүүхэд хандаад ч нэмэр байхгүй.
-Нэг айлын хашаа буулгахад хэчнээн төгрөг зарцуулдаг бэ?
-Ойролцоогоор 100-120 мянган төгрөг зарцуулдаг. Албан буулгасан хашааг манай албанаас журмын хашаанд байрлуулдаг. Иргэд энэхүү хөлсөө төлсний дараа буцаан олгодог.
Мөн тус дүүргээс нийт 22 тушаалын дагуу 103 газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна. Мөн 61 аж ахуйн нэгж, байгууллага газар ашигласны төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ сард багтааж төлөхгүй бол ирэх сарын 1-нээс газрын гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Ийнхүү чөлөөлөгдсөн газрыг дахин төлөвлөлтөд оруулах аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ