АН-аас гаргасан нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болголоо

Орон нутгийн сонгуулийн үеэр үүссэн Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын маргаан өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ. Шүүх хурал нь 13 удаа хойшилж есөн сар үргэлжилсний эцэст өчигдөр орой Захиргааны хэргийн шүүх маргааныг авч хэлэлцсэн юм. Ингээд АН-аас гаргасан нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас 13, АН-аас 12 хүн иргэдиийн төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд иргэдийн хурлаа хийх гэтэл АН-ын төлөөллүүд хуралдаа ирээгүй. Иргэдийн хурал хуралдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонгосоны дараа хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан билээ.
Багануур дүүргийн АН Иргэдийн хурлын анхдугаар хуралдааныг ийнхүү хууль бус хэмээн үзэж, төлөөлөгчид нь дахин хуралдаж ИТХ-ын даргыг бүрэлдэхүүнээсээ дахин давхар томилсон байна. “Тэр бүү хэл Иргэдийн төлөөлөгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, тамга тэмдэг алдагдаагүй, ажлын байран дээрээ хадгалагдаж байгааг Цагдаагийн байгууллага шалгаж үзээд гурван ч удаа тогтоосон байхад “алдагдсан” хэмээн хуурамч бичиг үйлдэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулгад танилцуулж, тамга шинээр хийлгэн хууль зөрчсөн” талаар Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөлөгчид өмнө нь мэдээллэж байсан юм.
Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч талд 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэдгийг нь мэдэгдсэн. Ямартай ч анхан шатны шүүх хурал болсон нь маргаан хурдхан дуусч,дүүргийн ажил эмх цэгцэнд ороосой гэж хүссэн багануурчуудын сэтгэлийг бага ч гэсэн тэнийлгэв бололтой. Учир нь маргаан шийдэгдэлгүй сунжирсан жил шахамын хугацаанд Багануур дүүрэг төсөв төлөвлөгөөгөө ч баталж чадаагүй, хүйтний улирал хаяанд ирчихээд байхад өвөлжилтийн бэлтгэл нь дөнгөж 40 хувьтай явж байгаа, үүнээс болоод иргэдийн талцал бухимдал дээд цэгтээ хүрээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ