Жамбын Лхүмбэ гэж хэн бэ

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Лхүмбийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний бага хурал хийсэн билээ. 1930-аад онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн, Лхүмбийн хэрэг гэгчийн эзэн Жамбын Лхүмбэ гэж хэн бэ.

Ж.Лхүмбэ 1902 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт 11 хүүхэдтэй малчин ард Жамбынд мэндэлжээ. Эгэл борог амьдрал дунд өссөн Лхүмбэ Ханхөгшиний хүрээнд шавилан сууж байгаад дараа ньмал маллах, жин тээх зэргээр амьдрал ахуйгаа залгуулж, улмаар сурч боловсрохын чухлыг ухаарч гэрээр монгол бичиг заалган сурч жасын бичээчийн ажил хийж, 1924 онд нийслэл хүрээнд иржээ. Энд гэрийн багш Жамсрангаар бичиг эрдэм заалгахын сацуу мал маллагааны газар, тахал эсэргүүцэх станцад ажил хийж, 1927 онд Мал эмнэлгийн газрын дэргэдэх МАХН-ын 152-р үүрт намын гишүүнээр элсч, улмаар 1928 онд Намын төв сургууль төгсчээ.

Дараа нь Дотоодыг хамгаалах газарт төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1929-30 онд ЗХУ-ын Москва хотын КУТВ-т суралцсан байна. 1930 оноос Улаанбаатар хотын барилгын хоршооны дарга, МҮЭ-ийн даргаар ажиллаж, 1930 оны эхээр хуралдсан МАХН-ын 8-р их хурлаас МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчээр, 1932 онд хуралдсан НТХ, НХБТК-ын хамтарсан онц 3-р бүгд хурлаас МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ. Уг онц бүгд хурал нь тухайн үеийн Монгол орны улс төрийн бодлогын алдаа оноог дэнслэн үзэж, түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” гэж алдаршсан шийдвэрийг гаргасан билээ. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдэж, НТХ-ны тэргүүлэгчээр Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, П.Гэндэн, Х.Чойбалсан, Г.Дэмид нарын 11 хүнийг сонгож, НТХ-ны нарийн бичгийн даргаар Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав нарыг баталсан байна.

Тэр үед Монгол орныг социалист туршилтын талбар болгосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, олны итгэлийг хөсөрдүүлсэн учир хил орчмын хэд хэдэн аймгийн айл өрх хэдэн мянгаараа хил даван эх орноосоо дайжин гарч байв. Судалгаагаар 11700 өрхийн 47 мянган хүн дүрвэсэн байна. Тухайн үеийн Монголын удирдлага, түүний дотор Ж.Лхүмбэд хүн ардаа хилийн чинад алдана гэдэг тэвчиж болшгүй явдал байв. Нөхцөл байдал ийн хурцадсан учир Монголын төр гаргасан алдаа завхралыг засах олон арга хэмжээ авч, Ж.Лхүмбэ харь улсын хилийн дээс давж одсон хүн ардынхаа хойноос олон хоног сараар хөөцөлдөн ядарч зүдэрч явсан байдаг. 1910-20-иод онд элгэн саднаа бараадсан буриад зон уван цуван хил дагуу нутагт нүүдэллэн ирэхэд Монголын Засгийн газар “Буриадын хурлын газар” хэмээх байгууллагыг бий болгон буриад хүнээр ахлуулж, тэдэнд газар нутаг олгох, аж ахуйгаа зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн сэхээтнүүдийг нь төр захиргаа, соёл гэгээрлийн албанд тохоон томилох зэргээр тэднийгмонгол нутагт идээшин суурьших бүхий л нөхцөл бололцоогоор хангах бодлого явуулж байлаа.

Ж.Лхүмбэ Монголд дагаар орсон буриадуудын улс төр иргэний эрх ашгийг хамгаалах талаар анхаарч, ажил үүргийнхээ дагуу нэлээд нааштай бодлого баримталж байжээ. Тиймээс Зөвлөлтийн зөвлөх, сургагч нар “Лхүмбийн буриадуудад тал өгч байгааг ашиглахаар шийдэж, түүнийг хувьсгалын эсэргүү Японы тагнуулын хэрэгт орооцолдуулан, монголчуудаар нь устгуулах арга сэдсэн байна. Оросууд олон жилийн турш үргэлжилсэн монголчуудын нэгдэн нийлэх хүсэл эрмэлзлийг хаан боогдуулах бодлого барьж, Монголын Засгийн газрын буриад зоноо нэгтгэж авах бодлогод цохилт өгөх, үндэсний дэвшилт үзэлтнүүдийн нийт монгол овогтныг нэгтгэх үзэл санааг бүрмөсөн тас цохиж, сайтар хашраах давхар зорилгоо ийн биелүүлсэн ажгуу.

Ж.Лхүмбэ хувьсгалын эсэргүү бослого дарах үүрэгтэй тусгай комиссыг даргалж байв. 1932 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүрээний орчмоос лам хар нийлсэн хүмүүс зэвсэгт бослого хүрээгээ тэлж, баруун аймгуудыг хамарчээ. Улмаар олныг хамарсан самуун болон даамжирч нөхцөл байдал хурцадсан учраас 1932 оны 4 сарын 17-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн хамтарсан Онц хурлаас Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бүлгэмийн хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, олон нийтэд хорыг таниулах Тусгай комиссын даргад Ж.Лхүмбийг томилжээ. Бослогын гол хүчийг 7-р сарын сүүлчээр дарж чадсан ба 9 сарын 22-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай зэрэг аймагт тогтоосон онц байдлыг халж энх байдал тогтоосныг зарласан байна. Босогчдын тоо багаар бодоход 1932 оны 4-7-р сард 6000-8000 хүрч байсан ба бүрэн бус тооцоогоор хоёр талаас 6000 шахам хүн амь үрэгджээ.

Тэрбээр МҮЭ-ийг бэхжүүлэх үндэс суурийг баттай тавьж ажиллаж иржээ. Ж.Лхүмбэ 1930 оны 2-р сард НТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргын албанд томилогдож, юуны өмнө ҮЭ-ийн байгууллагыг үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад оруулан 1930-31 онд ҮЭ-ийн товчоог аймаг бүрт эмхлэн бий болгож, төлөөлөгчдийн газруудыг байгуулжээ. Аймгийн товчоо бүрт хөдөлмөрийн маргаан таслах комисс, зээлдэн туслах комисс, нийгмийн даатгалын комиссыг анх бий болгосон нь Монгол Улсад нийгмийн даатгалын суурийг тавьсан явдал юм.

Монголын уугуул буриадуудын зэрэгцээ тус улсын Хэнтий, Дорнод аймагт элгэн саднаа бараадан нүүдэллэн ирсэн буриад иргэдийг төв нутагт шилжүүлэх, эрх ашгийг нь ҮЭ-ийн шугамаар хамгаалахын тулд “Буриадын хурал”-аар дамжуулан тэдэнтэй гэрээ байгуулан ажиллаж байв. Ийнхүү ахар богино хугацаанд өөрийн хичээл зүтгэл, авъяас билгээ эх орныхоо амгалан байдлыг хангах, нам олон нийтийн байгууллагыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1932 онд Цэргийн гавъяаны улаан тугийн 1-р зэргийн одонгоор шагнасан нь зүй ёсны шагнал байжээ. Харамсалтай нь эх оронч энэ хүнийг цэл залуу 33-хан насанд нь “Лхүмбийн хэрэг”-ийн толгойлогч хэмээн Зөвлөлтийн КГБ-ийн заавраар цаазлан хороожээ.

Лхүмбийн хэргийн гурван салбарын толгойлогч гишүүд гэж 2500 хүний нэрийг гаргаснаас 500 хүнийг баривчлан түүнээс 317 хүнийг шүүн тасалж, 56 хүнийг буудан хороож, 200 гаруй хүнд янз бүрийн хугацаагаар хорих, нутаг заах ял оноон шийтгэсэн байна. Сталинизмын их хядлагын золиос болсон Монголын нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтэн Ж.Лхүмбэ гэх хүний балгаар хэлмэгдлийн хар шуурганд өртсөн гэсэн ташаа ойлголттой байдаг буриад зон олонд үнэнийг өгүүлбээс ийн буюу.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ