Гуравхан хоноод “бөөстдөг” дүрэмт хувцас

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өндөр байна гэсэн гомдолтой эцэг эхчүүд түр хороо байгуулан эсэргүүцлээ илэрхийлэхээр өнөөдөр жагсана. Нэлээд шүүмжлэл дагуулж байгаа сурагчийн дүрэмт хувцсыг холбогдох эрх бүхий албан тушаалтнууд цээжээрээ хамгаалан шууд шахааны бизнес болгосон. Загвар хийц, материалын чанар зэрэг асуудал дээр маргах зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийн байдлаар эхнээсээ тараа таниулж эхэллээ. Гуравхан хоног өмссөн дүрэмт хувцас “бөөстөж”, оёдлоороо ханзарч эхэлсэн байна. Үүнээс гадна ганц л угаахад будаг гараад байна хэмээн эцэг эхчүүд гомдоллож байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор хэмээн “Чингис” бондоос 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөж эхлүүлсэн ажил. Олон улсын зах зээлд улсаа барьцаалан байж олсон хэдэн төгрөг эхнээсээ ийнхүү агаарт замхарлаа. 11 11 төвд ирсэн иргэдийн ихэнх гомдол нь сурагчийн дүрэм хувцасны чанарын асуудал байсан. Ийнхүү иргэдээс санал гомдол байнга ирж байхад холбогдох байгууллага нь ямар нэгэн тайлбар хийхгүй, нүдэн балай чихэн дүлий мэт сууж байгаад гайхаад байна.
ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэлтэн Н.Нарангэрэл “Бид 100 хувь “бөөстөхгүй” гэх баталгаа өгөх боломжгүй. Гадны нөлөөтэй үрэлтээс болж бөөстөж болохыг үгүйсгэхгүй. Хэвийн арчилгаатай нөхцөлд “бөөстөхгүй” гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтоосон. Одоогийн байдлаар чанар муу байна гэсэн гомдол ирээгүй. Бид үйлдвэрлэлийн явцад байнга хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байна.
Үүнээс чанартай дүрэмт хувцас үйлдвэрлэсэн. Харин эцэг эхчүүдийн буруугаас болж, энэ байдал үүсч байгаа гэсэн дүгнэлтийг хийж болох юм. Гуравхан хоноод “бөөстөж” байхад эцэг эхчүүдийн буруу гэж юу байх билээ дээ.
Өмнөх жилүүдээс үнэ нь огцом нэмэгдсэн ч чанарын асуудал нь улам доройтсон энэ байдалд эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлэх нь зөв. Сурагчдыг ижилсүүлэхээс гадна олон иргэнийг ажлын байраар хангаж, орлоготой болголоо хэмээн холбогдох албан тушаалтнууд ам уралдан, их зүйл хийсэн мэт ярьж байсан.
Гэтэл ам уралдаж байсан тэд таг чиг. Сураг байтугай сүүдэр нь ч алга. Сурагчийн дүрэмт хувцас оёхоор далимдуулж хэн нэгний халаасыг түнтийлгэж, ажлын байр бий болгоно гэж амлах нь чухал уу гэдэг асуулт гарч ирж байна.
БШУЯ-наас санал гомдлоо борлуулалтын цэгт нь гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой гэсэн утгагүй тайлбарыг өгсөн. Чанарын асуудал хөндөгдөж байхад борлуулж байгаа хүмүүс хэрхэн яаж шийдвэрлэнэ гэж бодсон юм бол. Ийм зүйл бодож, сэтгэж суугаа хүмүүсийг төрийн албан хаагч гэж хэлэхэд хэцүү. Шийдвэрлэх боломжгүй гэдгийг гудамжинд гуйлга хийж суугаа хүн ч мэднэ.
Үнэхээр чанар, загварын хувьд сайн бол үнэтэй байсан ч эцэг эхчүүд авна. Гэтэл тийм биш. Хэдэн сурагчдаар далимдуулж хэсэг хүний халаасыг зузаалж байгаа сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдүүддээ өмсүүлэх эсэх эрх эцэг эхчүүдэд ч бас бий.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ