Төр биднээр тоглохоор шийджээ

Монгол төрийн бодлогыг би л лав ойлгохоо байв. Иргэдээрээ тохуурхаад ч байгаа юм шиг. Ер нь нэг л биш ээ, энэ төр. Уг нь иргэдийнхээ сайн сайхны төлөө баймаар. Гэтэл ярьж байгаа нь бүр эсрэгээр гээч. Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ид ярьж байна. Эмч хүний хувьд ч, иргэн талаасаа ч энэ удаагийн “шинэчлэл”-ээс багагүй юм харж байлаа. Ёстой талаар болох нь ээ. Монгол Улсад өвчтөний тусламж, үйлчилгээний зардлыг 115 оношийн хамааралтай бүлгээр тогтоожээ.

Хамгийн хүнд бүлэгт хамрагдах зүрхний юм уу тархины мэс засал хийлгэвэл 536 мянган төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар тусгах бололтой. Амьдрал дээр шал өөр шүү дээ. Ийм хагалгааны ханш өнөөдөр таван сая төгрөг давчихлаа. ЭМД-аас төлж буй мөнгө тэрхүү хагалгааны 10 хувьтай л тэнцэж байгаа биз дээ. Тэгээд үлдсэн ерээд хувийг золгүй нөхөр өөрөө төлөх нь ээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн 15 хүртэлх хувийг даатгуулагч, үлдсэнийг нь төр хариуцна гээд ёстой л хар дээр цагаанаар биччихсэн байдаг. Ийм хачин эсрэгээрээ юм гэж бас байх аа.

Жинхэнэ ухагдахгүй юм чинь энэ л болоод байна даа. Энэ бол шударга бус явдал гэдгийг захын нэгэн ч хэлэх биз. За энэ ч дүүрч гэе. ЭМД-д хамрагдсан иргэн он удаан өвдөлгүй яваад, гэнэт хүнд өвчинд ороогдвол яах вэ гэдэг нь ч алга. Ямар нэг хөнгөлөлт харагдсангүй. Зүй нь тэр иргэн төлснийхөө хэрээр үйлчилгээ авах ёстой л юм бол ядаж 20 жил эмнэлэгт хэвтээгүйн шагналд нь, урамшуулалд нь ч гэсэн яахав, нэг удаа элгээ солиулчих дайны эрхтэй баймаар. Тэр байтугайг л төлсөн байж таарна шүү дээ.

Эсвэл бид өөр хувилбар эрэх хэрэгтэй болж байна уу даа. Бүр уриалмаар байгаа юм. Юуг тэр гэж үү. ЭМД төлсөн л бол та хариуд нь жилдээ дөрвөн удаа буюу улиралд нэг хэвтэн эмчлүүлж, төлбөрөө тэглэж бай. Тэгэхгүй аваас та насан туршаа шулуулаад, насны мухарт ямарч тусламж авч чадалгүй эрлэгийн элчид хөтлүүлэн одох ганц зам л байна. Ер нь ЭМД-ын гэх хуулиас эрүүл “юм” олж харна гэж найдалтгүй болов. Товчхондоо бол төр биднээр тоглохоор шийджээ.

Г.Мөнх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ