Гурван Алтанхуягийн тавилан

"Михайлд нэг бодол бий"
Эхний Алтанхуяг бол мэдээж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг. Норовынх найман хүүхэдтэй өнөр айл. Олон хүүхэдтэй айлд томынх нь хувцас багачуулдаа шилждэг ёс бий. Эднийхэн ч гэсэн ингэж л өсчээ.“Хувцас хуучин байж болно, хиргүй л байх хэрэгтэй” гэх ээж нь оёж нөхөөд, угааж цэвэрлээд өмсүүлдэг байв. Увс аймгийн төв Улаангомд Норовынх гэдэг айлд тав дахь хүү нь гэртээ мэндэлж, эх барьсан “хүйс“ ээж нь “Алтантуяа” гэж энхэр нэр өгч, эцэг, эх нь зөвшөөрчээ.
Багадаа нохой сургагч, жаахан том болоод нисгэгч болохыг мөрөөдөж асан Алтантуяа физикч болохоор сонголтоо хийж, МУИС-ийн ФМФ-ийн физикийн ангийн оюутан болжээ. Тэрбээр оюутан ахуйдаа онц сурдаг мундаг нэгэн байсан гэнэ. Сургуулиа төгсдөг жил Алтантуяа эмэгтэй нэрээ солихоор шийдэж аав, ээж рүүгээ хэлж “Алтан” болгож солихыг хүсчээ. Аав ээж нь лам багшаас асуугаад ардаа заавал дагавартай байх учиртай гээд “Алтанхуяг” болгон өөрчилж. Ингээд Н.Алтанхуяг гэдэг нэр албан ёсоор МУИС-ийн онц сурлагатны улаан диплом дээр бичигджээ.
Тэрбээр үргэлж ном шагайсан оюутан байсангүй. Эрдэм шинжилгээний ажил, спорт, гадаад хэл сонирхохоос гадна физик-математикийн факультетийн хөлбөмбөгийн багт тоглодог, хөнгөн атлетикийн хоёрдугаар зэрэгтэй тамирчин байж. 1981 онд МУИС-ийн багш болоод оюутныхаа байранд үргэлжлүүлэн 10 жил амьдарчээ.
Монголын улстөрчид залуухан эхнэртэй байх нь моод болоод нэгэнт удаж байна. Хоёр эхнэрийн таван хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн тоо найм хэмээн яригддаг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн залуухан эхнэр нь Сэлэнгээ нэртэй сайхан бүсгүй бий.
Түүний улс төрийн замнал бичээд дуусахгүй урт. 1990 оны ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг гэж хэлэхэд л хангалттай байх.
Ерөнхий сайдын суудалд суугаад жил гаруй болж байгаа түүнийг ажлаа сайн, муу хийж байна гэж өөчилж гоочлон, магтаж сайшаасан яриа аль аль нь бий.
Харин сүүлийн үед түүний сайдын суудал дэнжигнэж эхлэв бололтой. Н.Алтанхуягийн толгойд олон бодол эргэлдэж буй. МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд өнгөрсөн долоо хоногт хүргүүллээ. Тэд өмнө нь ч бас Засгийн газрыг огцруулах хүсэлтээ илэрхийлж байсан билээ.
Нэг жилийн дотор ямар өөрчлөлт гарав аа. Эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц саарлаа, хөрөнгө оруулалт 42 хувиар буурлаа. Монгол Улсын гадаад өр түүхэнд байгаагүй буюу 15 тэрбум ам.долларт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг жилийн хэмжээнээс хэтэрлээ. Төгрөгийн худалдан авах чадвар буурч, ам.долларын ханш 1700 төгрөгөөс давлаа. Улсын гадаад валютын нөөц хоёр дахин буурч, шаардлагатай үед улс орон бие даан амьдрах чадвар мөн хоёр дахин багаслаа. Засгийн газрын ажлыг дүгнэх үндсэн үзүүлэлт буюу энэ жилийн төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, хууль зөрчигдөх, бүтээн байгуулалт эрс удаашрах, иргэдийн амьжиргааны түвшин муудах бодитой эрсдэл нүүрлэлээ гэх мэт олон асуудлыг МАН-ын бүлэг тавьж буй. Тэгэхээр энэ Засгийн газар байрандаа үлдэж, сайдууд амар тайван ажлаа хийх нь үү, аль эсвэл засаг задарч, хоёрдугаар ээлжийнхэн гарч ирэх нь үү гэдгийг харах л үлдлээ. Ямартаа ч цаг хугацаа бүхнийг харуулах байх.
Н.Алтанхуягийн Засгийн газрын 100 хоногтоо амжуулсан том ажлын нэг нь хэрүүл маргаан дагуулаад буй Чингис бонд байв. Хөрөнгө оруулалтын мөнгөний эхний хэсэг нь орж ирчихээд байхад хийх төсөл хөтөлбөр нь бэлэн бишийн улмаас баахан хий хүү төллөө хэмээх шүүмжлэл дагуулсан Чингис бондын нэрийг ч мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн сайд Н.Батбаяр нар өгсөн гэдэг. Харин өвөг дээдсийнхээ нэрийг өрийн бичиг дээр наах болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн хүү нь тооцогдож эхэлсэн тулжилд 70 орчим сая, 10 жилийн дараа гэхэд нэг тэрбум ам.долларын өр бичээстэй байх юм.
Саяхан Японд дөрвөн өдөр айлчилсны хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг бонд гаргахаар болсон. Тиймээс шинэ бондод нэр өгөх асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын алба хуралдаад шинэ бондыг нэрлэх хэд хэдэн хувилбар гаргажээ. Эдгээрийн тоонд Ардчилал, Цагаан морь, Алтан гадас, Улаанбаатар, Дүнжингарав, Хубилай, Өгөдэй гэсэн хувилбарууд гарсан байна. Гэсэн хэдий ч эцэст нь Ерөнхий сайд бондынхоо нэрийг өөрөө өгөхөөр тогтож, Өгөдэй хэмээн нэрлэхээр болжээ. Тэрээр энэ сардаа багтаан бондын нэрийг олон нийтэд зарлах аж. Тэгвэл ирэх арванхоёрдугаар сард гаргахаар төлөвлөж буй Самурай бондын 0.5-1.5 хувийн хүүтэй өрийн бичиг дээр мөн л Өгөдэй хааны нэр залрах болж байна.
Анхны хайраа мартаж чадахгүй явна
А.Алтанхуяг “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин. Тэр өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож байсныг та бүхэн мэдэх байх.
Тэр 1987 оны долдугаар сарын долоонд төржээ. Бага насаа Биокомбинатад өнгөрүүлсэн энэ залуу аавыгаа ерөөсөө мэддэггүй, энэ тухай эмээгээд ээжээсээ ч асууж чадахгүй өдий хүрсэн гэх. Түүний ээж төрийн байгууллагад ажилладаг жирийн нэгэн албан хаагч. Тэр баян тансаг амьдралд өсөөгүй, кинонд бүтээсэн Сүлдийн дүрээсээ тэс ондоо амьдрал туулсан нэгэн. Жимс түүж зарна, зун болохоор хөдөө адуу мал эргүүлээд явна, хурдны морь унана, бүр наймдугаар ангийнхаа хонхны баяраа хөнгөн цагаан цуглуулж тушаасан мөнгөөрөө тэмдэглэж байсан гэнэ.
Нийслэлийн ерөнхий боловсролын аравдугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгсөөд удаагүй байхад нь түүнд хоёр кинонд тоглох санал иржээ. Харин А.Алтанхуяг “МИ-15”-д биш, “Тусгай салаа”-нд тоглохоор шийдсэн нь одоогийн “Сүлд” нэрээрээ ард түмний танил болоход нь нөлөөлжээ.
Бас ч үгүй шазруун, хийе гэснээ заавал хийдэг зантай болохоороо МҮОНТВ-ийн “Өдөр өдрийн наран” кинонд залуучуудын сэдэвтэй дуу хэрэгтэйг сонсоод өөрөө зохиож дуулахаар шийдсэн гэнэ. Тэгээд өчнөөн өөлүүлж гоочлуулсан ч шантрахгүй зүтгэсээр “Хос зүрх” хэмээх хөөрхөн дуутай болчихсон шүү. Даанч киноны дуугаар шалгараагүй гэсэн. Гэхдээ яахав чадахгүй ч гэсэн зүтгээд байвал бүх зүйл болж бүтдэгийг харуулж чадсан л залуу.
Мэдээж олны танил, сайхан залуу гэдэг нь ойлгомжтой. Тийм болохоор ярихгүй , бичихгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Түүний хайр сэтгэлийг хэрхэн хүлээж авдгийг нь сонирхоё.
Олон ч охин араасаа гүйлгэж, олон ч бүсгүйн хойноос гүйж байжээ. Гэхдээ тэр одоо хүртэл анхны хайраа мартаж чадаагүй яваа. Тэрбээр “Ер нь одооны охидын ихэнх нь л мөнгө боддог болсон юм шиг санагддаг. Надад аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг, хүнийг байгаагаар нь хайрладаг эмэгтэй таалагддаг. Зүгээр нэг хэлбэр хөөсөн охидыг сонирхдоггүй. Ер нь эмэгтэй хүмүүсийг харахад л ямар хүн бэ гэдэг нь нүднийх нь харцнаас л харагддаг. Амьдралын төлөө гэсэн чин хүсэлтэй, амьдралыг бусдаар болгуулах биш өөрөө болгохын төлөө хичээдэг тийм бүсгүйчүүдийн нүд цаанаа өөр” гэж ярьсан билээ. Тэгэхээр түүний анхны хайр болсон азтай бүсгүй үнэхээр энэ чанарыг шингээсэн байж таарах нь.
Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Сэлэнгэ аймаг руу уран бүтээлийн ажлаар явж байгаад аваарт орсон тухай харамсалтай мэдээлэл гарч, бүр түүнийг бурхны орон руу илгээгээд авсан шүү дээ. Унаж явсан машин нь хоёр гурав өнхөрч, өөрөө их хол шидэгдэж, хориод оёдол тавиулсан гэхэд тэсээд гарсныг бодоход үнэхээр бие сайтай, ус уух хувьтай байж. Тэр ослоос хойш шүтлэггүй байсан Алтанхуяг шүтлэгтэй болсон гэнэ билээ. Түүнтэй хамт “UBS” телевизийн зохион байгуулдаг "Universe best songs" наадамд амжилттай оролцсон дуучин Амина хамт явжээ. Түүнээс хойш байнга Аминатай холбогддог болсон тэрбээр хайр сэтгэлийн холбоо байхгүй гэдгийг албан ёсоор зарласан.
Жүжигчин байхын жаргал зовлон их. Түүнд маш олон мөрөөдөл бий. Тэр урлаг хэмээх хэмжээ хязгааргүй ертөнцийн нэгэн эд эс нь байхыг хүсдэг. Хамгийн сүүлд баруун Монголын Галдан бошигт хааны алдарт “Ану хатан” түүхэн киноны ууган хүүгийнх нь дүрийг бүтээжээ. Харин одоо уран бүтээлээсээ гадна энд тэнд тоглолт, хуримын арга хэмжээ хөтөлж, урлагийнхны ярьдгаар “халтуур” хийдэг болсон гэсэн. Ер нь хүн давуу талаа ашиглаад мөнгө төгрөг олоод сайхан амьдарч яагаад болохгүй гэж.
Брюс Ли шиг тулаанч эр
Нэргүй овогтой Алтанхуяг нь Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1989 оны гуравдугаар сарын 8-нд төржээ. Түүний хүүхэд нас Хархоринд өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө эмээ дээрээ мал маллаж, малчин амьдралын зах зух, нүүдэлчин ахуйтай танилцан өсчээ. Энэ бол бас л монгол хүний бахархал шүү. Мал мэдэхгүй монгол хүн байна шүү дээ цаагуур чинь.
Тэр арван жил М.Сугарын нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурч, бусад хөвгүүдийн л адил сагс, волейбол тоглож, гүйлтийн дугуйланд хичээллэдэг байж. Өвөрхангайнхаа нэрийг улсад гаргадаг л тамирчин байсан аж.
Спортод хайртай болсны хамгийн гол шалтгаан нь түүний ээж цанын спортын мастер байсан явдал. Ээж нь тэр үеийн ЗХУ-ын Кубанийн их сургуульд орос хэл судлаачаар, харин аав нь Зөвлөлт Узбекийн Ташкент хотноо усжуулалтын инженер мэргэжлээр төгссөн. Одоо хоёулаа Хархориндоо хувиараа бизнес эрхэлдэг. Н.Алтанхуяг энэ хоёр хүний хүү болж төрсөндөө бахархаж явдаг нэгэн.
Арван жилээ төгсөөд МУИС-д Нийгмийн шинжлэх ухааны Шашин судлалын тэнхимд өөрийн сонголтоор оржээ. Гэвч одоо энэ мэргэжлээрээ ажилладаггүй.
Хүүхэд байхад нь түүний амьдралыг үзэх үзлийг өөрчилсөн, бас байнга урам зориг өгч байсан хүн бол Брюс Ли. Тэр мэдээж Брюс Ли-тэй уулзаж байгаагүй. Харин түүний тоглосон киног үзэж, баатарлаг үйлс бүтээж буй байдал, хурц, хурдан шаламгай хөдөлгөөнийг нь харж эрч хүч авдаг байж. Ингээд оюутан болоод цахим ертөнцөөр эрх чөлөөтэй аялах болсноор түүнийг илүү ихээр мэдэх хүсэлд автсан гэнэ.
Гол зүйл нь юу вэ гэхээр тэр житкундо буюу сөрөх нударга тулааны урлагаар хичээллэх болсон байна. Энэ тулааны урлаг нь Америкт үүссэн, уламжлалт бус бие хамгаалах тулааны нэг юм. Энэ нь орчин үед хэн нэгэн танд халдахад биеэ хамгаалах урлаг. Тиймээс эргэлт буцалтгүй энэ зам руу орсон байна. Гэвч Монголд энэ тулааны урлагийн клуб, багш байсангүй. Тиймээс цахим ертөнцөөс багштай болж, бэлтгэл, тоног төхөөрөмж, энэ тулаанаар хичээллэхэд юу хэрэгтэй тэр бүгдийг өөрөө хийж, бие даахаас өөр сонголт түүнд үлдсэнгүй.
Түүний баримталж явдаг зарчим нь хэчнээн амжилттай явж байсан ч өөрийгөө болоогүй байна гэж чамлах. Нээрээ залуу хүмүүс бас л бодож явах зүйл шүү.
2011 онд их сургуулиа төгссөн тэрбээр одоо төрсөн нутагтаа тулааны урлагийн бэлтгэлээ хийн амьдарч байна. Түүний зорилго нь энэ тулааны урлагаа Монголын залуу үеийнхэнд заах.
Тэр хувь тавиланд итгэдэггүй. Түүний нэрийг хамаатных нь эгч өгсөн гэнэ. Нэрийг нь эгч нь хайрласан боловч энэ амьдралд хэн байхыг зөвхөн хувь хүн өөрөө шийднэ гэж итгэдэг болохоороо аливаа зүйлийг өөрийнхөөрөө шийдэхийг чухалчилдаг. Залуу хүний хувьд улс төрийн сонголтоо хийхдээ нам бус хүнийг нь сонгодог гэсэн.
Бид хэн байх, хэн болох нь сонголтоос шалтгаалдаг болохоор тэр. Түүнд эрх мэдэлтэй нэгэн болох юмсан гэсэн бодол төрж байгаагүй. Байгаадаа сэтгэл хангалуун, хэнд ч төвөг удахгүй, хэнээс ч юу ч гуйхгүй тийм л хүн.Тэр өөрөө хувийн үйлдвэрлэл эрхэлж мөнгө олдог. Энэ нь тулааны урлагийн бэлтгэлийн төхөөрөмж, савлуур. Хятадаас оруулж ирсэн хананд тогтоодог савлуур 60 мянган төгрөг гэж байхад түүний хийсэн нь 40 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл хийцийн хувьд илүү гарна уу л гэхээс дутахгүй, түүний турникийг хүмүүс хятад савлуураас дорд үздэг гэх. Н.Алтанхуяг савлуур хийж чадаж байна. Энэ залуу ч гэлтгүй монголчууд аливаа юмыг хийж чадаж байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ