Талийгаачийн нэрээр төрийн халамж хүртсэн Засаг дарга

Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгө шамшигдуулагчид төрийн албаар дүүрэн. Төрийн албан тушаалд очсон хүн ажил хийхээс илүүтэйгээр хэрхэн хэдэн төгрөг хумслах вэ хэмээн хурдан баяжих аргаа бодож байна. Түүний нэг бол Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга асан Л.Атар.
Л.Атар Баянзүрх дүүргийн 2860 өрхийн 18029 иргэнтэй 21-р хорооны Засаг даргаар томилогдсон даруйдаа хувьдаа орон сууц, автомашинтай болжээ. УИХ-ын сонгуулийн үеэр тэрбээр улсын дугаараа аваагүй цоо шинэ жийп машин хөлөглөн олны нүдийг хужирлажээ. Мөн утаагүй Улаанбаатарын төлөөх төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байсан ажлуудын нэг болох нэн ядуу иргэдэд очих ёстой гэрийн дээвэр туурга түүний буянаар эзэддээ бүрэн хүрч чадаагүй гэх.
Гэтэл түүний бас нэгэн луйвар нь гэр бүл, ах дүү, хамаатан саднаа өөрийн хороон дээрээ бүртгэсэн явдал юм. Нийтдээ найман хүнийг ийнхүү бүртгэсэн. Тухайн хороонд бүртгэлтэй боловч хаягийн дагуу шалгахад тийм хүмүүс байдаггүй хэмээн Засаг дарга нь хэлж байсан. Энэ нь нөгөө л сонгуулиар гардаг сонгогчдыг зохиомлоор бий болгох, давхар бүртгэх зэрэг луйврын илрэл юм.
Иргэдийн ярьж байгаагаар тэрбээр 200 гаруй иргэний нэр дээр хуурамч бичиг баримт үйлдэн төслийн зуухыг авсан байна. Тухайлбал, хоёр жилийн өмнө нас барсан нэгэн иргэний нэр дээр төслийн зуух авсан байсныг хожим мэджээ. Учир нь “Хасбанк”-наас төслийн зуух авсан иргэн рүү залгажээ. Гэтэл хоёр жилийн өмнө нас барсан эмээгийн утсанд “төслийн зуухаа хэрэглэж байна уу” гэсэн дуудлага ирсэнд хүүхдүүд нь гайхаж одоогийн Засаг даргадаа хандсан байдаг. Энэ мэтчилэн хохирсон иргэд ар араасаа цуварч, хохирлоо барагдуулахыг хүссэн байна.
Үүнээс гадна Засаг дарга Л.Атар нь 21 дүгээр хорооны байрны хашаанд дүүргийн газрын албатайгаа хуйвалдан өөрийн хамаатан болох Ц.Доржпүрэвт газар өгч, амины орон сууц бариулсан байна. Өнөөдрийг хүртэл энэ асуудал нь шийдэгдээгүй бөгөөд иргэд газраа чөлөөлж өгөх хүсэлтийг удаа дараа тавьсан байна.
2009 онд “НАС” төслийн хүрээнд тус хорооны Засаг даргын Тамгын газарт иж бүрэн гурван компьютер, хоёр принтер өгсөн боловч мөн л сураг алдарсан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тойрогтоо иж бүрэн гурван компьютер бэлэглэжээ. Тэр нь ч бас л байхгүй. Энэ талаар Засаг дарга асан Л.Атараас асуухаар “Байгаа, би удахгүй авчраад өгнө” гэсээр өнөөдрийг хүрчээ.
Энэ мэтчилэн албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс шамшигдуулан олон иргэдийг хохироогоод байгаа Л.Атарын хэрэг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгагдаж байна. Прокурорын байгууллагаас хоёр ч удаа буцжээ. Учир нь хэргийг шалгах явцад нэмэлт баримтууд илэрсэн тул ийнхүү мөрдөн байцаалтад хоёр удаа буцаагаад байгаа аж.
Түмний хөрөнгийг шамшигдуулагч Л.Атар одоо Баянзүрх дүүргийн МАН-ын Улс төрийн ажилтан хийдэг аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ