"Хамтарсан гээд бүх зүйлийг дэмж гэсэн үг биш"

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барихаар боллоо. Иргэдийн хувьд авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдэд зориулсан хэмээн хардаж байгаа?

-Монгол Улс 8000 хоригдолтой байна. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоод ялласан. Гэтэл манайх шоронжсон улс уу гэвэл үгүй. Монгол хүний бие биенээ хайрлах сэтгэл байгаа. Гэмт хэрэг үйлдсэн бүхэнд тохирсон ял шийтгэл өгөөд нийгмээс тусгаарлаад байх юм уу. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг. Ингэснээр байтал Монгол Улс шоронжиж байна. Сүүлийн жилүүдэд эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс илүүтэйгээр шорон ихээр барьсан байна. Энэ удаагийн Өршөөлийн тухай хуулинд анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд хамрагдана гэж заасан байгаа. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг нь нийгмийн аюул болон хохирлоороо бага байдаг. Мөн хүнд болон онц хүнд гэмт хэргийн хувьд хохирлоо бүрэн төлсөн бол ялын зүйлчлэлээс хамаараад 2-3 жилийг хасч байгаа. Энэ тухайн гэмт хэрэгтэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Харин авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон гэмт этгээдүүд хамрагдах боломжгүй юм.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал сайжирч байгаа юу?

-Монголдоо эмчлэх боломжгүй гээд БНСУ руу явсан. Очоод хоёр удаа хагалгаад орсон. Биеийн байдал нь одоо хэр сайжраагүй байна. Гэхдээ цаашид сайжирна гэж найдаж байна. Монголд байхдаа нарийн шинжилгээг өгч, эмчилгээг хийгээгүйн улмаас өвчин нь улам хүндэрсэн.

-Монголд хэзээ ирэх вэ?

-Яг тэдэнд ирнэ гэсэн шийд байхгүй байна. Бидний хувьд хурдан ирээсэй гэсэн хүлээлт байхгүй байгаа. Учир нь намын даргын эрүүл мэндэд санаа зовниж байна. Хүн эрүүл байвал юу ч бүтээж хийж чадна. Эрүүл болоод ирж л байвал хэзээ ирэх нь хамаагүй.

-Танай намын хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Засгийн газарт хариуцлага тооцох ёстой хэмээн зарим улс төрийн нам үзэж байна?

-Манай намын хувьд хамтарч Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ хамтарсан гээд хийж байгаа бүхий л зүйлийг дэмж гэсэн үг биш. Алдаатай зүйлийг хэлж, залруулахаар ажиллана. Болж байгаа зүйл дээр нь дэмжээд явна.Харин өнөөгийн эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үнэн. Төгрөгийн ханш унаж, валютын үнийн өсөлт болон өргөн хэрэглээний бараа тодорхой хэмжээгээр өсч байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг миний хувьд дэмжиж байгаа. Хөндлөнгийн тайлбарлагчид байдал эдийн засаг эвгүйрхэн учраас энэхүү хуулийн төслийг Засгийн газар оруулж ирлээ хэмээн үзэж байна. Энэ бол тийм биш. Цаг нь таарсан.Төрөөс үндэсний хөрөнгө оруулалт, экспорт болон импортоо дэмжих зэрэг цогцоор нь оруулж ирэх ёстой. Зөвхөн гадаадынханд зориулж оруулж ирж байгаа бол учир дутагдалтай. Монгол Улс зөвхөн уул уурхайн салбараар хөгжинө гэсэн ойлголт байхгүй. Урт нэртэй хуулийн төсөл ээлжит бус чуулганаар хэлэлцэж амжихгүй. Хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл дээр анхааралтай ажиллах ёстой.

-Таны хувьд өнгөрсөн долоо хоногт Боловсролын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулинд ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

-ЕБС-ийн 1-11 дүгээр ангийн сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчих зохицуулалтыг тусгасан байгаа. Энэхүү хуулийн төслийг Засаг газарт санал авхуулахаар өгсөн байгаа. Салбарын сайдтай нь санал солилцож байж, УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Мөн Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулаад байна. Энэ нь цэргийн албанд ажиллаж байгаад ямар нэгэн шалтгаанаар энгийн ажилд шилжин ажиллах нөхцөл бололцоог хангах юм. Засгийн газраас санал авсан байгаа. Одоо салбарын сайдтай нь санал солилцож байгаад УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн даатгалын тухай хууль байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт таныг Н.Содхүү гэх хүнтэй хамт сонгуулийн үеэр мөнгө тараалгасан гэх хүмүүсийн шүүх хурал болсон. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Нам бол өөрсдийн үзэл бодлоор эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Намын гишүүн болсон л бол намын бодлого шийдвэрийг биелүүлэх ёстой. Намын бодлого шийдвэрийг биелүүлж чадахгүй юм бол намын гишүүн гэж явах шаардлага байхгүй. Энэ бол миний хувийн бодол.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ