Хүний аминд хүрсэн цагдаа нарыг ажлаас нь чөлөөллөө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн цагдаа нарын хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч Ж.Түмэн-Өлгий, Д.Батдэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3, 216.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэд энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн Ганцхудгийн автобусны буудлын орчим иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон. Мөн иргэн Н-ийг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн юм. Түүнчлэн осол гарах үед хэн нь жолоо барьж явснаа санахгүй байна хэмээн мэдүүлээд байгаа билээ. Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрсэн цагдаа нарын хэрэг юу болов?

-Тэдний хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Заавал хорьж, цагдаж шалгах шаардлагагүй учраас гадуур байцааж магадгүй. Мөн албан байгууллагаас нь арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөөд байна.

-Тэгэхээр энэ сар гарсаар цагдаагийн албан хаагч хэрэгт холбогдсон дөрвөн тохиолдол гарсан гэх мэдээлэл байна?

-Энэ сарын 9, 12, 17, 18-нд цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгт холбогдсон дөрвөн тохиолдол гарсан. Энэ хэргүүд гарах үед цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж байсан. Тэр бүрт бид цаг алдалгүй очиж, хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж, гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлж байсан. Энэ ч утгаараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гэмт хэрэг үйлдсэн гурван хүн тэр даруйдаа баригдан, саатуулагдаад хоригдож байна. Мөн Налайх дүүрэгт айлын хашаа дайрсан Б, Дарь-Эхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний аминд хүрсэн Т, мөн согтуудаа дэлгүүр дээрэмдэхийг завдсанБ нарыг тэр даруйд нь албан байгууллагаас нь арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн. Одоо гурвуулаа хоригдож байна.

-Энэ сарын 12-нд хүүхдийн хөл дайрсан алба хаагчийг цагдаа нар нь хаацайлж, шалгахгүй байна гэх гомдлыг ар гэрээс нь гаргаад байгаа гэсэн?

-Энэ хэргийг харьяаллын дагуу мөн л Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа.Ер нь бол явган зорчигч жолооч хоёр замын хөдөлгөөнд ижил үүрэгтэй оролцох ёстой. Жолооч нар тодорхой хэмжээний дүрэм журам дагадаг бол явган зорчигч ч мөн замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох үүрэгтэй. Гарцтай газраар гарах гэх мэт үүрэг бий. Гэхдээ мэдээж хүнд гэм хор учруулсан бол тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг төлөх ёстой. Энэ хэргийн тухайд ар гэрийнхэн нь эмчилгээний зардалд багагүй хэмжээний мөнгөшаардлагатай гэсэн юм шиг байна лээ. Цагдаагийн алба хаагчид тэр их хэмжээний мөнгө нь байхгүй байсан учраас тийм зүйл ярьсан байж болох юм. Ер нь бол энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх болно.

-Нэгхэн сарын дотор цагдаагийн алба хаагч гэмт хэрэгт холбогдсон дөрвөн тохиолдол гарсан нь олон нийтийг цочроож байна л даа?

-Энэ хэргүүдийн араас маш олон таагүй мэдээлэл дагаж байна. Нэгдүгээрт, алба хаагчдын гаргасан зүй бус үйлдлийг бидэнд нуун дарагдуулах зорилго огт байдаггүй, байх ч учиргүй. Тиймдээ ч бид энэ хэргүүдийг цаг тухайд нь илрүүлэн шалгаж байна. Цагдаагийн байгууллага 6000 гаруй ажилтантай, 21 аймаг, 380 суманд хүрч ажилладаг. Гэтэл энэ хэдэн хүний асуудлыг бүх цагдаа нарын ёс зүй, хариуцлагатай холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөлойлголт. Албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа машолон хүний ажил, үүрэг, гавьяа зүтгэлийг үгүйсгэж болохгүй.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ