Стив Жобсын байшин музей болно


“Apple” компанийн талийгаач тэргүүний байшинг музей болгох бодолтой байна. Түүнийг долоодугаар ангид сурч байхад тэднийх энэ байшинд нүүж иржээ. Энд тэр анхны компьютераа угсарчээ.
Крайст Драйвын гудамжин дахь нэг их гоц ялгарч харагддаггүй 2066 дугаар бүхий байшин төрийн хамгаалалттай түүхэн статустай болж мэднэ. Калифорнийн Лос-Альтос хотын тусгай комисс уг байшинг түүхийн үнэт барилга гэж хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх бөгөөд хурлын гишүүд ийм статустай болгох магадлал өндөр байна.
Чухамхүү энэ байшингийн гараашт залуу Жобс өөрийн найз Стив Вознякийн хамт анхны “алим” компьютеруудаа угсарчээ. Тэр Стив Возняктай найзласнаар гэрийнхээ гараашт 50 орчим “Aplle 1” компьютер угсарч, жил хүрэхгүй хугацаанд “Apple”компаниа бүртгүүлснийг хэвлэлд дурдсан байна.
Жобс өөрийн шинэ бүтээлийг компьютер сонирхогчдын клубт үзүүлснээр сэтгэл нь хөдөлсөн компьютерын дэлгүүрийн эзэн 50 ширхэг “Apple” захиалжээ. Одоо хадгалагдаж үлдсэн анхны “Apple” компьютер маш үнэтэй гэнэ.
Удахгүй музей болох байшинг 1952 онд барьжээ. Байшин унтлагын гурав, ванны хоёр, бусад хэд хэдэн өрөөтэй юм. Барилга хагас сая ам.доллараар үнэлэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ