Баярлуулан гомдоодог бага хүүтэй зээлүүд

Хоёр жил шахмын өмнө орон сууцны үнэ урт хугацаатай зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар 20 шахам хувиар нэмэгдсэн бол найман хувийн зээл олгож эхлэнгүүт бас 10 гаруй хувиар нэмэгдсэн. Анх Сү.Батболдын Засгийн газрын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржбайрны нэг кв.метрийн үнийг сая 300 мянган төгрөгт барих боломжтой гэсэн нь ийнхүү Мянгуужингийн үлгэр болсон билээ.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсан бол өнгөрсөн долоо хоногоос ХАС банк 60, Худалдаа хөгжлийн банк 20-40, Төрийн болон Капитал банк 20-50 хувь болгож нэмэгдүүллээ. Энэ талаар ХАС банкны Хэрэглээний санхүүжилтийн хэлтсийн дарга Г.Чимэгсүрэн, хөтөлбөрийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлт бидний анх тооцоолсноос огцом нэмэгдсэнээс гадна орон сууцны үнэд урьдчилгаа төлбөрийг шингээж, орон сууцны үнийг хиймлээр өсгөх зөрчлүүд ихэсч байгаа нь хөтөлбөрийн гол зорилгуудын нэг болох эдийн засгийг дэмжсэн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилго зарим талаараа алдагдах сөрөг хандлага бий болж байна гэсэн юм.

Өмнөх Засгийн газрын зургаан хувийн хүүтэй зээл талаар болсон шиг найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа яагаад огцом 50 хувьд хүрснийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас асуухад, орон сууцны хөтөлбөрийн дагуу ингэж өсгөх ёсгүй, тухайн банкууд хөтөлбөрөөс гарах гэж байгаа юм байлгүй гэв. Одоо орон сууцны талбайн үнэ хоёр сая хэдийнэ давж, нийслэлийн А зэрэглэлийн бүс дэх тохилог байрны ханш бараг гурван сая төгрөгт хүрчээ. Үнийн энэхүү хөөрөгдөлт нь бага хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн сургаар хашаа байшингаа зарсан иргэдийг ихээхэн чирэгдүүлж, эцсийн эцэст толгой хоргодох оронгүй болоход хүргэж байна.

Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд банкуудад нийт 183.9 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргаснаас 1925 иргэнд 97.4 тэрбум төгрөгийн зээл шинээр олгосон гэсэн албан ёсны статистик байна. Мөн эрхэм гишүүн Ж.Энхбаяр төрөөс барилгын компаниудад орон сууцны талбайн үнийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй гэсэн болзолтойгоор үйл ажиллагааг нь дэмжихэд зориулан нийт 420 тэрбум, ипотекийн зээлд 995 тэрбум төгрөг, тоосго, цемент оруул гээд 129 тэрбум, тоосго, цемент үйлдвэрлэ гээд 143 тэрбум төгрөг өгсөн хэмээн хатуухан сануулсан.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийн судалгаанаас үзэхэд зээл олгож эхэлснээс хойш сүүлийн сард гэхэд орон сууцны үнэ 2.1, хуучин орон сууцны үнэ 5-6 хувиар өссөн байна. Аль ч засгийн өнгөнд иргэдээ хэр тааруу үнэтэй орон сууцаар хангах гэж олгосон бага хүүтэй урт хугацааны зээл, төрөөс барилгын үйлдвэрлэлийг дэмжсэн бодит санхүүжилт нь дандаа барилгын цөөхөн том компаниудын идэш болж байна. Барилгын компаниудын толгойг илснээр иргэд толгой хоргодох байртай болж чадахгүй нь гэдгийг амьдрал нотлон харуулсаар.

Ер нь барилгын компаниудын орон сууцны үнэ хөөргөддөг, зөвшөөрөлгүй барилга барьдаг, нийтийн эзэмшлийн зам талбайг дураараа хумьдаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчиж осол гаргадаг, улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд авлига хээл хахууль өгдөг, иргэдэд худалдсан байрныхаа ордерийг өгдөггүй, хятад ажилчдыг зөвшөөрөлгүй олноор ажиллуулдаг, монгол ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсийг өгдөггүй луу унждаг зэрэг элдвийн башир арга хэрээс хэтэрч байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ