Төрийн албыг данхайлгах бас нэг агентлаг “мэндэлнэ”

Гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орж, валютын үнийн хөөрөгдөл зэрэг хүчин зүйлсээс үүдэн манай улсын эдийн засаг хүндхэн байдалд ороод байгаа. Иймд УИХ-ын ээлжит бус чуулганы яаралтай хуралдуулж, эдгээр асуудалд цэг тавих ёстой гэж үзсэн.

Иймд УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулганыг хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. УИХ-д суудалтай улс төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлж, зарим зүйлт заалт дээр өөрчлөлт оруулах ёстой гэдгийг илэрхийлээд байгаа. Тухайлбал, МАН-ын бүлгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн есдүгээр зүйлийг эсэргүүцэж байгаа. Учир нь энэхүү зүйлд “Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага \агентлаг\” байна хэмээн заасан. Энэ нь одоогийн данхайсан төрийн албанд нэрмээс болохоос биш нэмэр болохгүй.

2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг АН барихаар болсон. Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж, цомхотгол нэрийн дор хүрээг өргөжүүлсэн. Засгийн газар яамдын тоог нэмсэн ч агентлагуудыг цөөлж, төрийн албаны бүтцийг данхайлгаагүй хэмээн сайрхдаг. Агентлагийн тоог цөөлсөн мэт харагдаж байгаа ч Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Ой-МГЛ, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төв, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар гэх мэт улсын төсөвт үйлдвэрийн газар олноор байгуулсан.

Өмнөх Засгийн газрын үед 11 яам 929 албан хаагчтай байсан. Харин шинэчлэгчдийн үед 16 яам, 1625 албан хаагчтай болжээ. Эндээс харахад 600 гаруйгаар нэмэгдсэн мэт байгаа ч «Төрийн албан хаагчдын холбоо»- нд 2000 гаруй иргэн ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан гэсэн гомдол санал илгээсэн байдаг. Түүнчлэн 2013 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улс нийт 162.769 албан хаагчтай байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1000 гаруй хүнээр нэмэгдсэн гэдэг мэдээг Статистикийн газраас өгсөн байдаг.

Ийнхүү төрийн албыг данхайлгасан гэдгийг олон зүйлс баталж байна. Гэтэл Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу агентлаг байгуулна хэмээн хуулиндаа тусгаж байгаа хууль санаачлагчид юу бодож байгаа бол. Энэ мэтчилэн нэг хууль батлаад нэг агентлаг байгуулаад байвал улс орны эдийн засаг хүндэрнэ гэдгийг бүгд л мэдэж байгаа. Юун эдийн засгийг хүнд байдлаас гаргах.

Өмнөх данхайлгасан төрийн албаас үүдэн улсын төсөв хүндхэн байдалд орж, гарах гарцгүйд хүрээд байгаа. “Чингис” бонд гэсэн нэртэй ч хожим төлөх их өрөөр л өнөөдрийг аргацаалж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ