Хариултаа авъя аа "Миний дэлгүүр"-ийнхээн

“Миний сүлжээ дэлгүүр”-ийг тойрсон гомдлууд байнга яригдаж байдаг. Өттэй жимс, үнийн дүнгийн зөрүү, үйлчилгээний соёлгүй байдал, барааны жин багасгасан гээд л. За энэ удаа хүнсний эрүүл аюулгүй байдлын талаар бүр ярихаа болъё. Хэрэглэгчдийг төөрөгдүүлж өрсөн бараан дээрх үнэ нь кассан дэр очоод нэмэгддэг асуудлыг бид сурвалжлахаар“Миний дэлгүүр”-ийн кино үйлдвэр дэхь салбарыг зорилоо. Хамт ажилладаг залуу маань энэ салбараар байнга үйлчлүүлдэг бөгөөд орох бүрт нь барааны үнэ нь кассан дээр ирэхээрээ нэмэгддэг, хариулт мөнгө 10-20 төгрөг бол огт өгдөггүй гэх мэт асуудал байнга гаргадаг гэсэн юм. Бас шинээр нээгдсэн “Асайт” гээд салбараас нь иогурт авчээ. Гэтэл 580 гэж бодсон иогурт нь кассан дээр уншигдахдаа 900 гэж бичигдсэн гэнэ.

Бид дэлгүүр лүү орохоосоо өмнө гарч ирж байгаа үйлчлүүлэгчдээс хэдэн зүйл тодруулахад тэд ихэвчлэн авсан барааныхаа тооцооны хуудсын хардаггүйгэнэ. Өөрийнх нь халааснаас хэдэн төгрөг илүү авсныг нь тэд мэдэхгүй. Харин анхаарал болгоомжтой, хашир зарим нэгэн үйлчлүүлэгчид энэ "но"-той ноцтой “Миний дэлгүүр”-ийнхнийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илчилсэн.

Худалдан авагч Б.Батцэцэг:

-Та авсан талоноо шалгаж үздэг үү?

-Бараг хардаггүй шүү дээ. Өг гэсэн мөнгийг нь өгөөд л гараад явчихдаг. Талоноо хардаг ч үгүй тэгээд хаячихдаг.

-Миний дэлгүүрийн бараа кассан дээр уншигдахаараа нэмэгддэг гэж та сонссон уу. Олон үйлчлүүлэгч ийм гомдол гаргаж байгаа?

-Сонссон л доо. Гэхдээ ерөөсөө талоноо шалгаж хардаггүй над шиг хүмүүс мэдэхгүй л өнгөрүүлж байгаа байх. Гэхдээ цаашид шалгаж байя гэж бодож байна.

-Хариулт мөнгөө гүйцэт авч чадаж байна уу?

10-20 төгрөг бол угаасаа хариулж өгдөггүй шүү дээ. Тэрнээс дээшээ 50 төгрөг бол тор, чихэр, бохь авчих уу гэж шууд санал болгодог. Тэгээд аргагүйн эрхэнд аваад л гарч байгаа юм даа. Дөнгөж сая ч гэсэн би хариулт мөнгөндөө бохь аваад гарч байна.

Зохион байгуулагч н.Алтанзул:

-“Миний дэлгүүр”-ийн салбаруудыг хэрэглэгчдийн эрх ашгийг байнга зөрчдөг, барааны үнэ нь кассан дээр очоод нэмэгддэг, хариулт мөнгө өгдөггүй, оронд нь тор, бохь, чихэр авахыг санал болгодог гэсэн гомдлууд ихээр гарч байна. Хариулт өгөөч?

-Та нар бодитой , баримттай юм ярих хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хааяа кассан дээр барааны үнэ нэмэгдэж бичигдлээ гэх гомдол ирдэг. Иргэд өөрсдөө барааны үнээ хольж хутгаж, буруу харснаас асуудал үүсдэг.

-Танай дэлгүүрийн зарим барааны үнэ нь байхгүй, эсвэл байгаа нь огт өөр барааны өмнө ч байх жишээний их эмх замбараагүй юм. Худалдан авагчид барааны харалдаа байгаа үнийг харж л үйлчлүүлнэ шүү дээ?

-Тийм л дээ.

-Дөнгөж сая үүдэнд таарсан худалдан авагч танайхаас хариулт мөнгөнийхөө оронд бохь аваад гарч байна гэсэн?

-Манайх хариултандаа бохь чихэр өгч байсан тохиолдол байхгүй.

-Танай кассан дээр савтай ширхэглэж зардаг бохь, чихэр тавиатай байна билээ?

-Тэр чинь зардаг бараа.

-Тэгэхээр саяны худалдан авагч худлаа ярьсан болж таарч байна уу?

-Тэгсэн л юм шиг байна. Бид хариултаа аль болох л өгдөг. Заримдаа бүр харин ч илүүг өгөөд гаргадаг. Хааяа бүр задгай мөнгө байхгүй үед тор авахыг санал болгодог. Банкнаас задгай мөнгө төгрөг олдохгүй их хэцүү шүү дээ.

-Задгай мөнгө банкнаас авах асуудлыг хэн нь хариуцдаг юм, уулзаж болох уу?

-Манай хамгаалалтын албаныхан хариуцдаг. Та нартай уулзуулах шаардлагагүй гэж бодож байна.

-Задгай мөнгө олдохгүй байлаа гээд үйлчлүүлэгчдийг хохироох нь тэгээд зөв юм уу?

-Зөв гэж хэлээгүй. Бид ч гэсэн аргагүй байдалд, задгай мөнгө байхгүй болохоор яахав дээ. Зөвхөн манай дэлгүүр хариулт өгөхгүй байгаа юм уу. Бүх дэлгүүрүүд л бараг тийм болчихсон шүү дээ. Адилхан.

Яг энэ үед нэгэн худалдан авагч эмээ бидний яриаг сонссон бололтой бидэн дээр ирсэн юм. Тэрэнд хариулт мөнгө болох 20 төгрөгийг нь өгөөгүй байна. Зохион байгуулагч нь юу ч хэлж чадсангүй. Угаасаа тэдэнд хэлэх ч үг байхгүй юм чинь. Харин над руу үнэхээр хилэнтэй нүдээр харж байна билээ. Над руу муухай харлаа гээд яах ч билээ дээ.

Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ монголд энэ нь эсрэгээр юм. Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авахуулаад үйлчлүүлэгч, худалдан авагчдыг үйл ажиллагаараа дэмжих ёстой байгууллагуудын үнэн дүр төрх, мөн чанар нь цаагуураа шал өөр. Монголын анхны супермаркетуудын нэг “Миний дэлгүүр”-ийн үйл ажиллагаа жил ирэх бүр уруудан доройтсоор байна. Энд тэнд байгуулагдсан салбаруудынх нь эмх цэгц, зохион байгуулалт, үйлчилгээний соёл зэрэг нь шинэ цагийн соёлтой супермаркетуудын сүрэнд нам дарагдсан. Өттэй памперс, хорхойтой будаагаараа алдартай “Миний дэлгүүр” сүүлдээ хүсний бүтээгдэхүүний кг тус бүрээс 100 грамм сождог болох нь мөн л илчлэгдэж байсан нь саяхан. Ингээд бодохоор хэрэглэгчдийн халааснаас хэчнээн төгрөг хумсалсныг хэлэхэд хэцүү. Энд хүнсний баталгаат хугацаа, эрүүл ахуйн талаар огт дурдаагүй. Өчигдөрхөн л гэхэд тэр дэлгүүрээс авсан тараг муудчихсан, үнэр орчихсон байсныг хэлэх хэрэгтэй.

“Хямд үнэ, чанартай сонголт” гэж ирээд л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол сурталчилдаг “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд үнэн хэрэгтээ луйврын арга хэрэгжүүлдэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Үйлчлүүлэгчдээ хэрхэн хулхидаж, хэдэн төгрөг ахиухан салгахаа тэд хэнээс ч дутуугүй мэддэг. Ард дугаарлаж байгаа үйлчлүүлэгчдээсээ ичээд кассын ажилтны мөнгө нэхсэн харц, өндөр үнэ бичсэн талоны хавчлага дор хэлсэн тоогоор нь хэтэвчээ сэгсрээд гарах хүн цөөнгүй байдаг гэж сонссон. Гэтэл яг мөнгөндөө тааруулаад юм авах гээд орсон хүн байвал яана вэ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ