УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар “Шинэчлэлийн баатар”-ын ажилтай танилцлаа

Бүтэн, хагас өнчин хүүхдүүдийг амьдралд хөлөө олоход дэм болохын төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулсан Б.Уранчимэгийг өнгөрсөн долоо хоногт “Шинэчлэлийн баатар”-аар тодруулсан билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн баатруудтай уулзах үеэрээ бусдад үлгэр жишээ болохуйц бүтээлч ажлуудыг нь дэмжихээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга гишүүн С.Одонтуяа, УИХ дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар нар Б.Уранчимэгийн байгуулсан “Гэрэлт ирээдүй” өдөр өнжүүлэх бүлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Б.Уранчимэг нь Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын сургуульд сурч байгаа болон суралцах боломжгүй бүтэн, хагас өнчин хүүхдүүдийн нөхөрлөлийг дэмжих, хамтдаа хөгжиж төлөвших орчинг бүрдүүлэхээр өдөр өнжүүлэх төвөө барьжээ. Аргал түүж, гар урлалын бүтээгдэхүүн урлаж, нөхрийнхөө машиныг зарж байж төвөө босгосон ч өдөр тутмын үйл ажиллагаанд нь багагүй мөнгө шаардагддаг. Одоогоор төвд харъяалагдаж буй 50 гаруй хүүхдэд өдөрт нэг удаа хоол хийж өгөхөөс эхлээд сургалтын материал хэрэгсэл, байрны халаалтын зардлыг өөрөө хариуцаж байгаа аж. Хоол хүнсээр ядмаг, харж хандах хүнгүй энэ хүүхдүүдэд эмчийн үзлэг хийлгэхэд дийлэнх нь амин дэмийн дутагдалтай гарсныг хараад, өдөрт нэг удаа хоол хийж өгдөг болсон гэж Б.Уранчимэг ярьж байна. Төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдийг өөртөө итгэлтэй болоход нь туслахаас гадна бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, амьдрах арга ухаанд сургахыг чухалчилдаг гэнэ. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийх, компьютер, интернэт ашиглаж сурах, хэрэгтэй мэдээлэл олж авах, утас, ноосоор эдлэл хэрэглэгдэхүүн урлах нөхцлийг тус төвд тодорхой хэмжээгээр бүрдүүлсэн байна. Өнгөрсөн жил “Нутгийн шийдэл” сангаас ногооны хүлэмж барьж өгсөн, энэ хавраас нарийн ногоо тарина, хүүхдүүдээ ч энэ чиглэлийн ажлын дөртэй болгоно хэмээн ярьж байлаа.
Энэ төвд 18-аас доош насны хүүхдүүдээс гадна оюутнууд ирдэг. “Бие дааж амьдрахад бэлэн биш, ажил мэргэжил, хамт олонтой болоогүй ч насанд хүрсэн л бол өнчин хүүхдүүдийг төрийн халамж тэтгэлгээс хасчихдаг. Ингэж хайхрахгүй орхидог нь олон асуудлын үндэс болдог” гэж Б.Уранчимэг үзэж, хууль эрх зүйн хүрээнд үүнийг тусгайлан зохицуулах шаардлага бий гэлээ. Өөрийн зүгээс дэм болохоор ийм хүүхдүүдийг халамжлан авч явдаг, төгсөлт дөхсөн энэ үед их дээд сургуульд сурч буй гурван оюутныхаа сургалтын төлбөрийг олохоор хөөцөлдөх гээд нэлээд ажилтай яваагаа ч хуучтлсан юм.
Орон нутгийн зүгээс түүний ажилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө төсөв байдаггүй, хэрэв төрөөс дэмжээд өгвөл Б.Уранчимэгийн адил өнчин хүүхдүүдийг асран халамжлах хүсэл сэтгэлтэй хүмүүс цөөнгүй байдаг, тэднээр дамжиж, нийгмийн олон асуудал шийдэгдэх боломжтой гэж Өлзийт хорооллын 14 дүгээр хорооны Засаг дарга Г.Батсуурь хэлж байв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хүүхдүүдэд шаардлагатай амин дэмээр туслахаар амласан. Гэхдээ ирээдүйдээ итгэл муутай өсч буй өнчин, ядуу хүүхдүүдийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгохоор зорьсон энэ бүсгүйн ажилд ганц хоёр удаагийн хандив тусламж биш орлогын тогтвортой эх үүсвэр, дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс хүүхэд харах үйлчилгээг хуульчлах санаачилга гаргасан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уг хуулийн төсөлдөө өдөр өнжүүлэх бүлгийг дэмжих зохицуулалт оруулахаа дуулгалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа өдөр өнжүүлэх бүлгийн багшийг тогтмол цалинтай, сурагчдад нь үдийн цайны мөнгө хуваарилагддаг болгох зэрэг бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гарцуудыг судлана гэдгээ хэлсэн юм. Ингэснээр Б.Уранчимэг шиг буяны үйл бүтээж буй олон хүний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлэх, дэмжих тогтолцоо бүрдэнэ гэж тэд үзэж байна.
Түүнчлэн, сургалтад шаардлагатай төхөөрөмж хэрэгслээр хангах, хүүхдүүдийг амьдрах ухаанд дадлагажуулах, үйл ажиллагааны зардалд дэмжлэг үзүүлэх талаар эргэн ярилцаж шийдвэрлэхээ Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ