Сүхбаатарчууд хамгийн орчин үеийн шийдэлтэй тохилог хаусанд амьдарна

Хүн амын төвлөрлийг хөдөө орон нутаг уруу чиглүүлэх төрийн бодлогын хүрээнд Сүхбаатар аймаг бүтээн байгуулалтын оновчтой төлөвлөлт, зохицуулалт хийж иргэдийн тав тухтай, эрүүл саруул, сэтгэл ханамжтай амьдрах нөхцөл бололцоог хангасан хот байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, 2013 онд Сүхбаатар аймагт гурван том хорооллын эх суурь тавигдаж байгаа. Үүний дагуу 300 орчим айл дахин төлөвлөлтөнд орж, газар чөлөөлөлтөнд ороод байна. Дээрх гурван хорооллын нэг нь болох “Эко” хорооллын зураг төсөл “100 мянган айл” хөтөлбөрийн хүрээнд хийгдээд явж байгаа аж. Мөн дэд бүтэц очих боломжгүй хэрнээ хүн ам нэлээд төвлөрсөн хорооллын оршин суугдчыг нүүлгэн шилжүүлж, “Спорт цогцолбор” босгоно. Гурав дахь хорооллыг “Боловсрол” хороолол гэж нэрлэсэн байгаа. Тус хороололд орчин үеийн стандарт бүхий 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн музей, номын сан гэх мэт бусад шаардлагатай үйлчилгээнүүдийг шинээр байгуулна. Энэ хорооллын дэд бүтцийг нь БХБЯ-ны дэмжлэгтэйгээр улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа аж. Харин барилгын ажлыг "Люкс вүүд Хаус” ХХК гүйцэтгэхээр болсон байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр тус компанийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг ёслолд УИХ-ын гишүүн М.Зоригт, БХБ-ын дэд сайд Г.Байгальмаа нар мөн оролцсон юм.
“Манай орны цаг агаарын нөхцөлд тохиромжтой, орчин үеийн загвар хийцтэй 250 айлын хаус бүхий жишиг хотхоны төслийг 2013 оны гуравдугаар улиралд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэх компанийг тодруулахдаа Сүхбаатарын талбайд гарсан үзэсгэлэнд оролцож буй компаниудыг нэг бүрчлэн нарийвчлан судалсны эцэст энэ "Люкс вүүд Хаус” ХХК-ийг сонгож авсан.” хэмээн Засаг дарга Ж.Батсуурь ярьж байна. Хааш хаашаа 8 м урттай, нийт 64 м2 талбайтай хаус нэг бүрийн өртөг 40 сая төгрөгт багтаж байгаа, энэ нь зах зээлийн ханшаас харьцангуй доогуур үнэ аж.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн хэлэхдээ “Сүхбаатарчууд бид нийтээрээ “Нутагтаа сайхан амьдаръя” гэсэн үзэл санааг төлөвшүүлж чадсаны үр дүнд энэ бүхнийг хэрэгжүүлж байна. Хоёр сарын өмнө БХБ-ын сайд тэргүүтэй 200 гаруй хүн газар дээр нь очиж танилцсанаар дэд бүтцийг санхүүжүүлэх гэх мэт тодорхой асуудлууд шийдэгдсэн. Үүнээс гадна иргэдийн оролцоо маш чухал. Иргэд олон жил суурьшиж, идээшсэн газраасаа холдох дургүй байдаг ч орон нутгийнхаа хөгжил, өөрсдийнхөө илүү тохь тухтай амьдралын төлөө энэ бүхнийг санал нэгтэйгээр шийдэж чаддаг. Зөвхөн Баруун-Урт гэлтгүй Баяндэлгэр, Эрдэнэцагаан гэх мэт бусад сумдад ч мөн адил барилгажилтын ажлыг эхлүүлээд байгаа” гэсэн юм.
Мөн үеэр "Люксвүүд Хаус” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан “Монгол Улсын барилгын салбарт улирал харгалзахгүйгээр богино хугацаанд чанартай, өндөр бүтээмжтэй ажиллах WPC технологийг анхлан нэвтрүүлж буй энэхүү төслөө бусад аймгуудад загвар болгох зорилго тавьж гүйцэтгэнэ” гэдгээ илэрхийлж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ