УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль санаачилжээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болоод байгаа тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрээр хэлэхдээ, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. УИХ-ын гишүүн нь иргэдээс сонгогдсон төлөөлөл, тэдний хүсэл зоригийг илэрхийлэгч тул хэрэв иргэд сонгосон тухайн төлөөлөгч нь тэдний хүсэл зоригийг хангалттай илэрхийлж чадахгүй байна гэж үзвэл эргүүлэн татах эрх нь сонгох эрхтэйгээ салшгүй холбоотой байх учиртай. Иргэдийн энэ боломжийг хууль ёсоор бүрдүүлэх нь ардчиллын чухал асуудал мөн гэж үзэж энэхүү хуулийн төслийг санаачилсан юм гэлээ. Мөн энэ нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөхгүй бөгөөд харин ч иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахад чухал алхмуудын нэг болно гэж үзэж буйгаа онцолсон юм.

АНУ, Канад, Швейцарь зэрэг ардчилсан Үндсэн хуульт орнуудад сонгуульт албан тушаалтнуудыг сонгогчдын гарын үсгийг цуглуулах замаар эргүүлэн татдаг эрх зүйн зохицуулалт XYIII зуунаас үүдэлтэй байдаг бөгөөд манай улс ч хариуцлагатай улс төрийн зарчимд шилжих шаардлагатай байна гэж Ж.Батзандан гишүүн үзэж байгаа аж. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн сонгогчдын санал хүсэлтийн ихэнх хувь нь үүнд чиглэгдсэн байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах болно гэдгээ тэрээр мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ