АН-ын хагарал нийслэл рүү чиглэлээ

Өнгөрсөн сонгуулиудад ялалт байгуулж, засгийн эрхийг бариад байгаа Ардчилсан намтай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа цуварч байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт нам дотор анхны жигүүр байгуулагдаж, Н.Алтанхуягийн гэх Шинэчлэлийн Засгийн газрыг татан буулгах хорыг найруулаад эхэлсэн. Хэдийгээр дээр дооргүй бүхий л эрх мэдлийг гартаа аваад байгаа ч зарим нөхдүүд нь суудалгүй үлдсэн. Тэд л энэхүү хорыг найруулж эхэллээ гэсэн таамаглал ч бас байгаа.
1996 онд нам доторх фракцаас үүдэн дорвитой ажил хийж чадалгүй ялагдал хүлээж байсныг санаж байгаа байх. Харин энэ байдалд намын дарга Н.Алтанхуяг “Бид өөрчлөгдөж, том болсон. 1996 оны түүх дахин давтагдахгүй” гэдгийг амлаж байсан. Гэвч олон нийтэд ил болоогүй ч нам доторхи хагаралдаан улс төрийн тохиролцооноос давсан тухай эх сурвалж мэдээлж байна.
Гэтэл энэхүү намын хагарал энэ байдлаар эцэслэгдсэнгүй. Учир нь Нийслэлийн Ардчилсан намынхан мөн л хөдөлгөөнд оржээ. Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаа солих асуудал хөндөгдөж эхэлжээ.
Өчигдөр хуралдсан Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү тэргүүтэй хэсэг төлөөлөгчид одоогийн бүлгийн дарга Д.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаарджээ. Бүлгийн дарга Д.Бат-Эрдэнийн хувьд Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга юм. Шалтгаан нь тодорхойгүй ч өнөөх л фракцийн дажин Нийслэлийн Ардчилсан намыг хагалахад хүргэсэн болов уу.
Ц.Баатархүүгийн хувьд Засаг даргын орлогч гэсэн суудлаасаа буугаад удаж байна. Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн сонгуульд ялалт байгуулж чадвал суудалдаа үлдэх тохироотой байсан ч ялалтын бамбарыг асааж чадаагүй учир ийнхүү суудлаасаа мултарсан. Харин түүнийг Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн болон Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг нар дэмжиж байгаа аж.
Хамгийн сонин нь намын аль нэгэн фракцид харъяалагддаггүй Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүлгийн хуралд НИТХ-ын дарга Д.Баттулгын хамт гэнэтхэн оролцож, намынхаа хагарлыг хүлээн зөвшөөрсөн аятай суусанд зарим төлөөлөгчид эсэргүүцэлтэй хандсан гэнэ. Угтаа бол Э.Бат-Үүл даргаас нийслэлчүүд олон шинэчлэлийг хүлээж байсан. Харин намын хагарлыг хүлээгээгүй нь лавтай.
Нийслэлийн Ардчилсан нам доторх хагарал бүлгийн даргын суудлаар эхэлж байгаа ч удахгүй НИТХ-ын дарга, Хотын захирагчийн суудал руу шилжихийг үгүйсгэхгүй.
Харин Н.Алтанхуяг дарга Нийслэлийн намд өрнөөд байгаа асуудалд хэрхэн хандах нь удахгүй тодорхой болох байх аа.
Ямартай ч АН-нд байгуулагдаад байгаа шинэхэн жигүүрийн салхи нийслэл рүү чиглэж байна. Цаашид хаашаа эргэхийг цаг хугацаа л харуулах байх аа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ