Чеченүүд манай эзэмшил дотор үүрээ засчихсан юм биш байгаа..

Москва дахь манай ЭСЯ-ны байранд чеченүүд казино ажиллуулдаг байж болзошгүй талаар мэдээлэл байгаа. Харин албаны нөхдүүдийн зүгээс үүнийг үгүйсгэсэн мэдээллийг хийхгүй байгаа нь анхаарал татаж буй юм. Ер нь бол Москва дахь Монгол Улсын ЭСЯ-ны байрыг зарсан байна гэх мэдээлэл анх улстөрийн хүрээнээс гарч байсан. Түүнчлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг Москвад саатах зуураа Элчингийн байр савны асуудлыг нягталсны дараа асуудал үүсгээд байгаа обьект нь Москва дахь манай улсын Худалдааны төлөөлөгчийн газар гэдэг нь тодорхой болсон юм. Ц.Цолмон гишүүн энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ тэгж зарж үрээд сүйд хийчихсэн юм алга, тайван байж болноо л гээд байсан. Тэрээр “ЭСЯ-ны хоёрдугаар байр буюу хуучин Худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан байр нь А, Б гэсэн хоёр хэсэгтэй. Хуучин А хэсгийг түрээслэсэн компани нь Б хэсгийг засч янзлаад цаашид түрээслэх тухай яригдаж байгаа. Тиймээс бид ЭСЯ-нд байгаа холбогдох бичиг баримттай нь танилцсан. Мөн ГХЯ-наас ч энэ талаар тодорхой тооцоо хийх, судлах ажлын хэсэг гарсан юм билээ. Тэд энэ ажлаа ойрын хугацаанд хийнэ. УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь очиж, танилцаад зохих дүгнэлтээ хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг Монголын ЭСЯ-ны объектыг худалдаж, өөр хүний эрх мэдэлд шилжүүлсэн зүйл байхгүй...
Социализмын үед манай ЭСЯ-нд олон хүн ажилладаг байсан. Сүүлийн үед орон тоо цомхотгосонтой холбоотой хоёрдугаар байр сул байгаа. Тиймээс 10 гаруй жилийн өмнөөс энэ байраа аж ахуйн нэгж, байгууллагуудад түрээслэсэн. Түрээсийнхээ төлбөрөөр Элчин сайдын яамны үйл ажиллагааг санхүүжүүлдэг” гэх мэдээллийг өгсөн байгаа. Гэсэн ч “ЭСЯ-ны хоёрдугаар байр буюу хуучин Худалдааны төлөөлөгчийн газрын байртай холбоотой асуудал дуусахгүй нь.
Уг нь Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байр нь Элчин сайдын яамны төв байр, Элчин сайдын яамны II байр буюу Худалдааны төлөөлөгчийн газар, Дипломатуудын орон сууц, Элчин сайдын яамны зуслангийн газар гэх дөрвөн хэсэг объект байдаг юм байна.
Элчин сайд Д.Идэвхтэнгийн хэлж буйгаар бол анхнаасаа энэ байр зарагдаагүй, түрээслэгдсэн гэдгийг хэлж байгаа. Тэрээр “Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдаагүй, түрээслэгдсэн байгаа. Барилгыг зарах ямар ч боломж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын өмч, ОХУ-д бүртгэлтэй, өмчлөлийн гэрчилгээ, бүх бичиг баримт нь бий. 1960-аад оны дунд үед баригдсан барилгад бараг 50 жил ямар ч засвар хийгээгүй. Мөнгө хөрөнгө олдохгүйн гачлан их байлаа шүү дээ.” хэмээн ярьсан байгаа.
Тэгэхээр талууд Элчингийн байрыг зарж үрээгүй түрээслэсэн гэдгийг зөвтгөх талаас ийм маягаар ярьдаг бөгөөд харин чухам хэнд түрээслэчихэв гэдэг дээр угаас асуудалтай. Монголын Худалдааны төлөөлөгчийн газар гэх тодотгол дор явж ирсэн байрыг 2006 оны хоёрдугаар сарын 1-нд анх түрээслүүлсэн гэх мэдээлэл манайд ирж байсан гэх мэдээлэл бий. Тэр үед Монгол Улсаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Л.Хангай энэ шийдвэрийг гаргасан гэх. Мөн өөр нэг мэдээлэл бий. Тэр нь ОХУ-ын “Центр-Регион эстэйт” гэх компани 2008 онд Москва дахь манай улсын Худалдааны төлөөлөгчийн газрын 8 давхар барилгыг өөрсдийнхөө зардлаар засварлаж өгснийхөө хариуд 10 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулан, засварын зардлыг түрээсийн үнээс суутгахаар тохиролцсон гэх мэдээллийг Элчин сайд өгсөн байгаа. Тэгэхээр 2006-2008 оны хооронд өөр газарт түрээслүүлж байгаад 2008 оноос хойш “Центр-Регион эстэйт” компанид түрээслүүлээд байгаа юм уу гэсэн эргэлзээ дагуулсан мэдээллүүд бидэнд байгаа юм.
Тэгэхээр Москва дахь манай ЭСЯ-ны байранд чеченүүд казино ажиллуулдаг байхыг ч үнэхээр үгүйсгэх аргагүй байгааг тодотгох байна. Гол нь албаны эх сурвалжууд өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрхүү мэдээллийг үгүйсгэсэнгүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг гэдэгчлэн харвал үнэхээр чеченүүд манай эзэмшил дотор үүрээ засчихсан юм биш байгаа.
Б.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ