Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад жил болжээ

Улаанбаатар хот харьцангуй залуу гэж ойлгож болох талтай. Гэхдээ бидэнд хот төлөвлөлт гэх айхавтар зүйл алга. Ямар сайндаа шинээр баригдаж байгаа барилгууд гаднаа ногоон байгууламж гаргах талбайгүй бүү хэл хэтрүүлж хэлэхэд хүн ч зөрөх зайгүй байх вэ дээ. Хэдийгээр “Шинээр баригдаж байгаа барилгууд заавал ногоон байгууламж төлөвлөнө” гэж Улаанбаатар хотын дүрэм, журамд заасан байдаг ч хэрэгжсэн нь цөөн. Үүнийг зарим хүмүүс өмнөх жилүүдэд нь зөвшөөрөлгүй олгосон газруудтай холбож тайлбарлах тохиолдол бий.
Төлөвлөлтгүй Улаанбаатарт үйлдвэрлэлийн бүс нутаг нь зөвхөн Хан-Уул дүүрэгт л байдаг. Гэтэл тэнд шинээр үйлдвэрлэл байгуулах боломжгүй. Учир нь газар байхгүй. Энэ байдлыг ашигласан зарим овжин нөхөд гэр хороолол дунд үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл авсан байна. Энэ бол бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл авсан тэдэнд бус тамга дарж байгаа эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй байдал.
Энэ байдлаас үүдэн гэр хорооллын иргэд тайван, эрүүл орчинд амьдрах талаар ярих ч хэрэггүй болжээ. Том оврын автомашинууд өдөржин шөнөжин сүлэлдэж, тоос шороо боссон тийм л орчин байна. Энэ байдалтай эвлэрч чадахгүй иргэд нь холбогдох байгууллагад хандаж, гомдол гаргасан байна. Гэтэл тэдний ихэнх зөвшөөрөлгүй бөгөөд, байгаль орчны тухай хуулийг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.
Г.Хажидмаа: Зөвшөөрлийг нь цуцлах асуудал яригдаж байгаа
Энэ талаар Энэ талаар Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Г.Хажидмаагаас тодруулсан юм.
-Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр зуурмаг үйлдвэрлэн зарж байна гэсэн мэдээлэл байна?
-Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт Хонхорт амины орон сууц барьж буй “Хонгран сфеко” ХХК-ийн газар нутагт “Кардеш” ХХК нь үйл ажиллагаа явуулан зуурмаг үйлдвэрлэн зарж байсан. Шалгалтын явцад “Хонгран сфеко”-н бичиг баримтыг үзүүлсэн тул “Кардеш” ХХК нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Мөн зөвшөөрөлгүй гүний худаг ухсан байсан. Мөн байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн. Үүнээс гадна иргэдийн гомдлыг дагуу Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэр гэр хороолол дунд “Нягт-оршихуй”ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Бетон зуурмагийн үйлдвэр өөрийн эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулж байсан. Туршилтын журмаар ажилласан гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Энэ ХХК нь мөн Байгаль орчны тухай хууль,Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19.1.3 тус тус зөрчсөн байсан.
-Өөр ямар гомдол ирсэн бэ?
-Баянзүрх дүүргийн XII хорооны иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт явуулахад зуурмагны үйлдвэр баригдаж байсан. “Түмэн наст” ХХК-дхорооноос шаардах бичиг хүргүүлсэн боловч ажлаа зогсоолгүй ажил эхлэхэд бэлэн болсон байсан. “Түмэн наст” ХХК нь мөн Байгаль орчны нөлөөлийн тухай хууль зөрчсөн байсан нь тогтоогдсон.
-Ямар арга хэмжээ авсан бэ?
-Бид тухайн компаниудад дуудан уулзаж холбогдох бичиг баримтуудыг шалгаж байна. Мөн холбогдох байгууллага руу нь газрын гэрчилгээг цацлах санал тавихаар төлөвлөж байна. Яагаад гэвэл иргэдийн амьдарч байгаа газар зуурмагны үйлдвэрлэл явуулж болохгүй. Шороон замаар тээвэрлэж байгаа болохоор шороо тоос босч хүн амьдрах нөхцөл байхгүй байсан. “Кардеш” ХХК-ийн үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон. Үүний дагуу Усны тухай хуулийн 33.1.9 дагуу торгуулийн арга хэмжээ авсан байгаа.
“Кардеш” ХХК-ийн хувьд ямар зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрч байжээ. Энэ мэтчилэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд зөндөө. Илэрч байгаа нь энэ.
Б.Тэмүүлэн






СЭТГЭГДЭЛ БИЧИХ