Гэмтлийнхэн яагаад ажил хаяв

ГССҮТ-ийн эмч нар өчигдөр орой гэнэт ажил хаялт зарласан. Энэ ажил хаялт өнгөн дээрээ тус эмнэлгийн удирдлагын халаа сэлгээний асуудлыг эсэргүүцсэн мэт харагдавч нөлөө бүхий хэдэн эмч, ажилтны явуулгаар эмнэлгийн хэсэг хүмүүсийг турхирч зохион байгуулсан бололтой.

Уг нь ГССҮТ бол эрүүл энхийн фронтын чухам галын цэг нь мөн. Тангараг өргөсөн цэрэг зэвсгээ хаяад эсрэг босдоггүй шиг тангараг өргөсөн эмч хамгийн түрүүнд ёс зүйгээ эрхэмлэх нь зүй.

Гэвч энд ашиг сонирхлын зөрчил ихээхэн газар авч, түүнийгээ хаацайлах нэгэн шалтгийг ийнхүү сэдсэн байна.

ГССҮТ-ийн ажил үйлчилгээ доголдсон эсэхээс эс хамааран төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, эмнэлгийн эзэмшлийн газраас барилгын компаниудад зарсан гэх мэт томоохон хэрэг цагдаагийн байгууллагын хаалгыг хэдийнэ татаж, зарим удирдах ажилтныг АТГ шалгаж эхлэх гэж байна.

Үнэхээр цэлийсэн том хашаатай тус эмнэлгийн мэдлийн газар өм цөм хумигдсаар орон сууц, худалдаа үйлчилгээний барилгуудаар битүү хүрээлэгдэх болж, түргэн тусламжийн машин ч орж гарахад төвөгтэй болсон. “Нарлаг” хотхонд эмнэлгийн ажилчдаас оруулна гэсэн боловч тоотой хэдэн байр нь томчуудынхаа гараар ороод замхарчээ. Өвчтөнүүдийн нар салхинд гарах сандал ширээтэй талбай байхгүй болж, автомашины зогсоол дээр яарч сандарсан хүмүүсийн зай завсар булаацалдсан бухимдал эцэстээ хэрүүл маргааны бай болж, өвчтөнүүд байтугай эрүүл хүмүүс машинд дайруулж бэртэж гэмтэх нь энүүхэнд болжээ. Ийм тохиолдол хэд хэд гарсныг ч үгүйсгэж болохгүй.

Мөн ЭМЯ-ны төрийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн шахсан өндөр үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгслийн нэгээхэн хэсгийг ГССҮТ-ийн эрх мэдэлтнүүд танил талаараа далимдуулан хамтарч шингээсэн байдаг. Тухайлбал, П.Н.Шастины нэрэмжит клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэгт цахилгаан соронзон оношлогооны “MRI” аппарат нийлүүлэхээр төсвийн мөнгөнөөс 1,7 сая төгрөг гаргуулаад өөрийн “Саммитмедикал сервис” компанийн данс руу шилжүүлж, тендер нэрийн дор шахахаар завдсан ч
уг аппарат “Philips” компанид капитал засвар хийлгэсэн хуучин эд байсан учраас гологджээ. Иймээс ГССҮТ-ийн зарим удирдлагатай үгсэн хуйвалдаж мөнөөх хуучин “MRI” аппаратаа төвөггүй шахсан байна. Гэтэл ГССҮТ-д MRI аппарат нийлүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын ямар ч тушаал гараагүй гэнэ. Харин одоо шахааны энэ бизнес нь булавч бултайж, даравч дардайсан учраас зарим хүмүүс Н.Түмэндэмбэрэлийн араас орохгүйн эрхэнд олны анхаарлыг өөр тийш хандуулахыг яаравчлан зорьсон нь энэ буюу.

Ажил хаяхад учир бий. Арьсаа хамгаалсан хэдхэн хүний үйлдлээс болж эмч ажилтнууд хөлд нь чирэгдэж, эрдэнэт хүний амь нас дээсэн дөрөөн дээр очих уу.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ