Хорих ангийнхны алдаа

ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид хоригдож байсан “Дижитал” хамтлагийндуучин Баавар буюу Ш.Батбаяр камертаа шатсан. Шинжээчид “Цагдан хорих 461 дүгээр байрны В-2-7 тоот өрөөнд түймэр гарсан нь ил галаас үүдэлтэй. Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байсан. Камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй. Хорих өрөөнд гарсан гал түймэр нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй. Гал түймэр нь өрөөний баруун урд хэсгээс өнцгөн хэлбэртэйгээр тархсан” гэж дүгнэсэн байдаг.
Гал гарсны дараа хоригдогч Ш.Батбаярыг өрөөнөөс гаргахад агаарын солилцооны улмаас гал улам дэгдэж, хорих өрөөний ханын зөөлөвч бүрэн шатаж багагүй хэмжээний хохирол учирсан байдаг. Энэ хэргийн улмаас хорих ангийн дэглэм зөрчиж, камерт галтай оруулсан, үзлэг нэгжлэг дутуу хийсэн үндэслэлээр тус хорих ангийн дэд дарга болон хорихын төлөөлөгч нийлсэн долоон хүн хариуцлага хүлээж ажлаасаа халагдсан юм.
Бааварыг санаатай гал тавьж, өөрийн биед болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэмээн нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дараа нь шалгаж байлаа. Гэсэн ч энэ бол хар үгээр хэлэхэд хүн манаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас үүдсэн эмх замбараагүй явдал.
Дараа нь Говьсүмбэр аймагт эхнэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорлосон. Тэр есдүгээр сарын 14-ний өдөр тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүй буйг далимдуулан өөрийгөө дүүжилж амжжээ. Өмнө нь олон жил ял эдэлж байсан туршлагатай тэр этгээд жижиг салхивчны шилийг хагалж, төмөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл асч, камер ажиллах үеэр харгалзагчид мэдсэн боловч нэгэнт амьсгал хураасан байжээ. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнууд уг нь цахилгаан тасарсан ч камерыг биечлэн эргэж тойрох ёстой байсан ч залхуурснаас ийн хэрэг гарсан байна.
Энэ хоёр тохиолдол бол олны анхааралд өртсөн, нийгэмд шуугиан тарьсан гэмт явдлын жишээ. Эдгээрийн цаана хөдөө орон нутгийн хорих ангиудад нэгнийгээ дарамталж гар, хөлийг нь гэмтээх, харгалзагч нар согтуугаар хоригдлыг зодож танхайрсны улмаас хүндээр гэмтээж, түүнийгээ нуун дарагдуулахыг шахаж шаардсан зүй бус үйлдэл нэг бус гарч байсан нь хэвлэл мэдээллээр цухас дурдагдаад өнгөрч л байдаг.
Төрийн өмнө тангараг өргөж, дүрэмт хувцас өмссөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын сахилга бат сул, хорих ангиудад хууль журмыг гажуудуулснаас ийнхүү хоригдлууд эрүүл мэндээрээ хохирох, эсвэл онц ноцтой гэмт хэрэгтнүүд зохих ял шийтгэлээ хүртэхгүй байх боломжийг олгож байгаа нь шударга ёсонд яавч нийцэхгүй. Хорих ангиудыг тоноглосон хяналтын камеруудыг нэгэн эрх мэдэлтэн бөөнөөр шахсан гэх хэрэг ч мууд муухай нэмэр гэгч болсон байж магадгүй. Хүн манадаг хүмүүсийн хариуцлага хамгийн өндөр байх учиртай.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ