Кибер гэмт хэргийн талаар хуульчид хэлэлцэж байна


БНСУ-ын Криминологийн Институтийн ерөнхийлөгч, доктор Ил Сү Ким, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Соён Жин Ёон, эрдэм шинжилгээний ажилтан Хюн Вук Чун, Жа Вун Ким нар Хууль сахиулахын их сургуульд энэ сарын 25-29-ний өдөр ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис, БНСУ-ын Криминологийн Институтийн ерөнхийлөгч Ил Сү Ким нар эрдэм шинжилгээний чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн тус их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр гадаад харилцаа өргөжиж байгаа нь хууль сахиулах салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөгжилд чухал нөлөө үзүүлэх аж.
Тус их сургуулийн харьяа Цагдаа судлалын төвөөс санаачлан “Кибер гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, чиг хандлага” сэдвээр Монгол-БНСУ-ын криминологичдын олон улсын семинар яг одоо Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн танхимд зохион байгуулж, кибер гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах чиглэлээр таван илтгэл хэлэлцүүлж, судлаачид харилцан ярилцаж, туршлага судлаж байгаа юм.
Уг семинарт Монгол Улсын криминологичид, криминологийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг эрдэмтэн, багш, судлаачид оролцож байна.
Тухайлбал, тус их сургуулийн криминологийн чиглэлийн багш, Монголын Криминологичдын холбооны судлаачид болон Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, УДШ, Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төв, ЭЦГ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Орхон, Их засаг зэрэг их сургуулийн эрдэмтэн, судлаачид, практик байгууллагын 60 орчим ажилтнууд оролцож байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ