Хорихоос суллагдсан иргэний хашаа байшин өрөөлийн өмч болжээ

Иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг ч эрхээ эдэлж чадахгүй байх нь цөөнгүй. Үүний нэг жишээ болох иргэн Улаанхүү нь Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь хорих ангид 12 жил ял эдэлж байгаад суллагджээ. Суллагдаад 20 орчим хонож байгаа ч тэрээр иргэний эрхээ сэргээлгэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэний бүртгэл, бичиг баримт байхгүй байгаа учраас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна.

-Эрхээ яаж зөрчигдөөд байгаа талаар дэлгэрэнгүй яриач?

-Би 2002 онд эрүүгийн хуулийн 91.1 гэсэн зүйл ангиар 12 жилийн ял аваад хамгийн сүүлдТөв аймгийн Мөнгөн морьт сумын шоронгоос энэ сарын 12-нд суллагдлаа.Суллагдаад өөрийнхөө хуучин хаягаар БГД-ийн есдүгээр хороонд бүрттгүүлэхээр болсон. Шоронд орохдоо ганц бие байсан болохоор хашаа байшингаа тэр чигээр нь орхиод л баригдаад явсан. Гэтэл 12 жилийн дараа гараад ирэхэд хашаа байшин минь өөр хүний нэр дээр шилжчихсэн байна. Чухам яаж яваад хүний өмч болчихов бүү мэд. Хорооны ажилтан надад “Чи тэр айлаасаа зөвшөөрөл ав” гэсэн. Би яагаад өөрийнхөө өмчийг эргүүлж авахын тулд зөвшөөрөл авах ёстой гэж. Өөрөөр хэлбэл миний эрх ашгийг хөсөр хаяад тэр хүний эрх ашгийн үүднээс асуудалд хандаж байна.

-Та зохих бичиг баримтыг нь бүрдүүлчихсэн гэл үү?

-Нийслэлийн бүртгэлийн газар нь надад бүрдүүлэх ёстой бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь хорооны бүртгэлийн байцаагч Уртнасан гэж хүүхнээс дахин олголтын анкет гэж авах ёстой байдаг юм байна. Яг энэ асуудал дээр л гацчихаад байна. Тэр Уртнасан гэж эмэгтэй “Би танай хороонд сүүлд ирсэн. Бүх юм өөрчлөгдсөн. Эсвэл энэ хорооноос шилж. Хамаатан садан, таньдаг айлынхаа өрхийн бүртгэлд ор” гэсэн. 12 жил шоронгоор явсан намайг хэн гэр орныхоо ам бүлээр бүртгүүлээд байж байхав дээ. Дүүргийн иргэний бүртгэлийн дарга Энхболд гэж хүн дээр энэ асуудлаа хэлж ороход “Би хуулийн хүрээнд ажиллана. Иргэн хүнд бичгээр тайлбар өгөхгүй. Би хуульч хүн" гэж намайг загнасан. Асуудал ийм л болчихоод зовж явна ах нь.

-Та одоо хаана амьдарч байгаа юм бэ?

-Өнөөдөр надад хотод байх гэр орон байтугай гэртээ байлгах хамаатан садан алга. Би бүр хотоос гарч айлд хоночихоод өглөөд хот руу орж ирж байна.

Тэрбээр одоогоос 12 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдэж, торны цаана суусан байна. Өргөст торны цаана амьдралынхаа олон жилийг өнгөрүүлсэнийхээ дараа, нийгмийн амьдралд хөл тавих гэсэн боловч боломж олдохгүй байгаа юм. Иргэн Улаанхүү нь иргэний эрхээ сэргээлгэж, бичиг баримттай болох өргөдлөө хуулийн дагуу нийслэлийн иргэний бүртгэлийн газарт өгөөд дахин олголтын маягтыг бөглөөд харьяа хороон дээрээ мэдүүлгээ өгчээ. Гэхдээ түүнийг 12 жилийн өмнө оршин сууж байгаа хаяг дээрээ амьдрахгүй байгаа учраас бүртгэлийг сэргээх боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Ингээд хуучны улаан пасспортоос өөр бичиг баримтгүй үлдсэн байна.

Ийнхүү иргэн Л. Улаанхүү хуулийн дагуу иргэний эрхээ сэргээлгэхийн тулд өмгөөлөгчид хандаж, шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй байдалд ороод байгаа юм. Хэрэг үйлдсэнийхээ дараа орон гэрээ алдсан тэрээр шүүхийн шийдвэрийг гартал хоног төөрүүлэх газар хайж яваа гэдгийг мэдэгдсэн юм. Уг нь хуулийн дагуу, ял эдэлсэн, шүүхээр шийтгэгдэж байсан зэргийг үл харгалзан хуучин хаяг дээрээ эрхээ сэргээлгэх боломжтой байдаг байна. Бид энэ талаар нийслэлийн иргэний бүртгэлийн газраас тодруулах гэсэн боловч тухайн асуудлыг нэг бүрчлэн судлахаас нааш хариулт өгөхгүй гэсэн юм.

Дээрх иргэний жишээгээр ял эдэлж суллагдсан иргэдийг нийгэм хүлээж авахад хэцүү байдаг. Энэ мэтчилэн иргэний үндсэн эрхээ эдэлж чадахгүй байгаа тохиолдлыг хуулийн байгууллагууд, төрийн албаныхан шийдэж өгөх ёстой байтал чирэгдүүлсээр. Эдгээр иргэдийн нийгмийн асуудлыг анхаарах шаардлагатай байгааг дээрх сурвалжлагаар уламжиллаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ