Урт нэртэй хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ

Иргэдийн дунд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь гэсэн ташаа ойлголттой байгаа. "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй. Нэг ч тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ингэснээр энэ хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ. Мөн байгаль орчин нөхөн сэргээгдэнэ." гэж “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлсэн юм.
Одоогийн байдлаар 1300 гаруй тусгай зөвшөөрлийн эзэмшигч давхардсан тоогоор 800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа аж. Үүний дээр байгаль орчин нөхөн сэргээгдээгүй, оруулсан хөрөнгө оруулалтыг хаанаас нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгуй байгаа аж.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулах гэнэ. Хуулийг мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, хууль гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй юм байна. 2012 оны 6 дугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, энэ тогтоолын дагуу хилийн заагийг тогтоосон байна. Энэ талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицолд алдаа мадаг ихтэй, зарим талбайн солбицол нь улсын хилийн гадна гарсан байсан аж. Алдааны шалтгаан нь кадастр хийлгэлгүй сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналаар холбогдох шийдвэрийг гаргасантай холбоотой байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ