Э.Мандахнаран: Эх орондоо түрүүлэхийг л хүсч байна

Их мастер Э.Мандахнаран ирэх сарын эхээр Улаанбаатарт болох Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нутаг нэгтнүүдээ төлөөлөн оролцох юм. Азийн аварга болчихсон тамирчин маань бэлтгэлээ зэгсэн сайн базааж, сэтгэлзүйн хувьд ч өндөр байгаа нь харагдлаа. Тэрбээр өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв.
-Бэлтгэл хийгээд биеийн байдал ямар байна?
-Тэмцээнд үргэлж тоглож байгаа болохоор бэлтгэл сайн байгаа. Тэгээд ч эх орондоо болох тэмцээнд тусгайлан бэлдлээ. Гадаадад тэмцээнд ороход нөлөөлдөг цаг агаар, хоол, цагийн зөрүү зэрэг бэрхшээл байхгүй нь надад ашигтайгаар тусах болов уу. Тэгээд ч өөрийн үзэгчдийн өмнө тоглох учраас янз бүрийн дарамт ч алга. Бэлтгэл болон биеийн байдал ерөнхийдөө сайн. Багш, дасгалжуулагчдынхаа зөвлөгөө, тоглох тактиктаа анхаарах үлдлээ.
-Өрсөлдөгчөө хэр судлав. Тэдэнтэй тоглож байв уу?
-Ихэнх өрсөлдөгчийнхөө өрөгт анализ хийсэн. Багш, дасгалжуулагчдынхаа хамтаар шүү дээ. Заримтай нь тоглож үзсэн. Таарч байгаагүй нөхөд ч бий. Энэ удаа их чанга өрсөлдөгчид ирэх сурагтай. Дэлхийн аварга бол дэлхийн аварга ш дээ. Сул гэхээр өрсөлдөгч лав байхгүй. Ямарч өрсөлдөгчийг сулд тооцож болдоггүй. Хэрэв тэгвэл засч болшгүй алдаанд хүрэх нь ч бий. Хийгүй сайн тоглохыг хичээнэ дээ. Манай хоёр охин ч бэлтгэлээ сайн базаасан. Тэр хоёрт их туршлага болно доо. Залуудаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, томчуудтай оюунаа сориод авах шиг завшаан хаана байх вэ.
-Монголчууд барилдах гэж байгаа бөхөөс ам асуудаггүй уламжлалтай. Гэхдээ дотроо нэгэн бодол тээж яваа биз дээ?
-Монголчууд ямар нэг юманд ам гардаггүй гэдэг. Өөртөө хэт итгэчихээр сэтгэл санаа төвлөрч өгдөггүй сул талтай гэдэг юм билээ. Гэхдээ би нэг сэтгүүлчид хэлчихсэн юм. Дэлхийн аварга болмоор байна гэчихсэн юм аа. Зүгээр л өөрийн бодлоо илэрхийлсэн хэрэг. Ам гарч байгаа юм биш. Эх орондоо түрүүлэхийг л хүсч байна. Ийм боломж тэр болгон олдохгүй байх аа.
-Та бүхэнд амжилт хүсье
-Баярлалаа.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ