Т.Наранбаатар: Ярьсныхаа эсрэг байвал яаж хөгжих вэ

Эрдү ХХК-ийн хөрөнгө оруулагч Т.Наранбаатартай уулзаж ярилцлаа.

-Монгол Улсад машин үйлдвэрлэлийн бааз суурь, чадамж байхгүй байгаа энэ хүнд цаг үед энэ салбарт зориглон хөрөнгө оруулалт хийсний учир юу вэ?

-Хэн нэгэн гарааны зовлон бэрхшээл дарамтуудыг давах ёстой л байсан байх. Монгол Улсад машинт үйлдвэрлэлийн салбар бий болгох, өндөр технологийн парк байгуулах, инновацийг дэмжих, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр олноор бий болгох, импорт орлосон бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах замаар гадагш урсаж буй валютыг багасгана гэж төр засгаас бодлогын баримт бичгүүд гарч тунхаглалын чанартай хэн ч барьж авч хийхгүй байгаад байхаар нь ямар ч байсан эхлүүлье гэж шийдсэн.

Мөн дээр нь Цахилгаан тээвэр компанийн хамт олон илүү нарийн технологитой цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж иргэдийн үйлчилгээнд олон жил явуулсан, гадаад руу экспортод гаргасан зэрэг нь огт хөндөгдөөгүй технологийн нарийвчлалтай энэ салбарт хөрөнгө оруулах зоригийг нэмсэн.

Монгол Улс өнөөдөр 625,0 мянган автомашинтай байгаа нь 20,0 тэрбум долларын зах зээлийн багтаамж бийг харуулж байна. Жил бүр 2,0 тэрбум америк долларын металл хийц, тоног төхөөрөмж, машин механизм импортоор авч байгаа нь ашиг олохын зэрэгцээ улс орондоо туслаж болох юм гэж бодоод дарамтыг үл хайхран ажиллаж байна.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдү” ХХК-ийн талаар маш таагүй мэдээлэл яваад байх юм. Энэ компаний захирал нь Цахилгаан тээвэр компанийн захирлын охин гэж яригдаад байх юм. Энэ ямар учиртай юм вэ?

-Машинт үйлдвэрлэлийн цоо шинэ салбар бий болгох боломж байна гэж Д.Жаргалсайхан захирлыг зурагтаар яриад, бас хийж бүтээгээд байхад нь дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Д.Жаргалсайхан захирлын хувьд охиноороо дамжуулж техник технологийн менежментийг сайн хийж, туслах байх гэж ойлгоод охиныг нь гүйцэтгэх захирлаар ажиллуулж байгаа.

Монгол Улсын машин үйлдвэрлэлийн анхдагч компани гэдгээрээ Цахилгаан тээвэр компанийг өндөр технологийн паркийн бүс болгож татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэж Д.Жаргалсайхан захирал амласан болохоор тус компанийн ашиглалтгүй байсан хуучин байрыг засаж үйлдвэрлэлээ дөнгөж эхлүүлээд явж байна.

Цахилгаан тээвэр компаниа өндөр технологийн паркийн бүс болгоно гээд байсан Д.Жаргалсайхан захирлын санаа ч олон дарамтанд ороод бүтэхгүй болсон юм шиг байна. Цаашид Монгол Улс энэ шинэ салбарыг дэмжих цогц бодлогоо гаргаж, тогтвортой ажиллах боломжийг хангаж өгвөл жилд 500 ачааны машин, автобус, мотоцикл, трактор үйлдвэрлэх үйлдвэрийн байр байгуулж болон гэж үзээд газраа авч техник технологийн төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэлүүдээ боловсруулаад ажиллаж байна.

Яг одоогоор “Эрдү” компани нь J-800N маркийн агаар орчин бохирдуулдаггүй Euro-3 хөдөлгүүртэй 2 ширхэг автобус үйлдвэрлээд байгаа байна. Үүнээс эхний автобусны улсын дугаар авах гэж 7 сар хөөцөлдөөд арай чүү авсны дараа Нийслэлийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Наранцэцэгийн албан ёсны зөвшөөрлийн дагуу нийслэлийн хүн тээвэрт 4 сар гаруй ажиллуулсан бөгөөд одоо шинэ удирдлага нь дэмжихгүй Хотын тээврийн байцаагч Отгонсүрэн гэдэг хүнээр дахиад зогсоосон.

Одоо үндсэндээ 5 сар ажилгүй сул зогсоож түрээсийн мөнгө төлүүлэн алдагдалд оруулж байна.

Дараачийн үйлдвэрлэсэн автобусаа оношлогоонд оруулан баталгаажуулсан бөгөөд улсын дугаар авч чадахгүй 50 хонож байгааг юу гэж ойлгохоо мэдэхгүй байна.

Бүтээлч иргэдээ дэмжинэ гээд лоозон гаргаад байдаг ч газар дээрээ бүх зүйл урвуу байгаад дэндүү их харамсаж байна.

Одоо 2 ширхэг автобус үйлдвэрлэх ажлаа 11-р сард дуусгаад түрээсээр ашиглаж байсан байр талбайгаа буцаан өгч, компаний үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй байдалд ороод байна.

Солонгос улсад ашиглагдаад дууссан автобуснууд Монголд орж ирээд 2 хоногийн дотор улсын дугаар авч чадаж байхад Монгол инженер, ажилчдын гараар үйлдвэрлэсэн Монголын анхны автобуснууд дэндүү өрөвдөлтэй байдалд дарамтлуулан сул зогсож байгаа асуудалд төр засаг, холбогдох яам, газруудын зүгээс албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг хүсэж байна.

Хэлж тунхаглаж байгаа бодлогынхоо эсрэг үйлдэл хийгээд байвал бидний Монголчууд яаж хөгжих билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ