Н.Номтойбаярын буруутай тогтоогдвол 5-8 жилийн ялаар шийтгүүлнэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүн хутгалсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэгвэл болсон хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Энэ сарын 25-ны орой 00.30 цагийн үед 36 настай, эрэгтэй Б-гээс Н.Номтойбаяр гэдэг хүн намайг зэвсгээр гэмтээлээ гэх гомдлыг гаргаж ирсэн. Энэ дагуу бид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Бид гомдлын дагуу Н.Номтойбаярт “Таны талаар ийм гомдол ирсэн тул хуулийн дагуу ирж байцаалт, мэдүүлэг өгнө үү” гэж мэдэгдсэн. Гэвч одоогоор тэрбээр ямар ч мэдүүлэг өгөөгүй байна. Хохирогчийн хувьд биедээ хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хэвтээгүй гадуур эмчлүүлж байгаа.Түүнд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар "Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн олон нийтийн газарт танхайрсан" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэв шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн ял авна. Одоогоор сэжигтнээр татан шалгаж байгаа. Шалгаж дуусаад Прокурорын байгууллагаар хянуулахаар өгнө. Хамгийн эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана. Хэн буруутайг шүүх тогтооно. Тэр болтол тухайн иргэнийг гэм буруутайд тооцож үл болно гэж хуулинд заасан байдаг" гэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ