Н.Мандах: Н.Номтойбаяр хүн хутгалаагүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Номтойбаяр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр албан ёсоор бичгээ хүргүүлж байгаа гэсэн утгатай мэдээлэл хийж байна лээ. Энэ бичиг нь өнөөдөр албан ёсоор гишүүн болон өмгөөлөгч надад ирээгүй. Тиймээс би өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгах ёстой. Мөн хэргийн гол мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд өгөх байх гэж үзэж байна.

-Тухайн өдөр яг юу болсон юм бэ. Өмгөөлөгчийнх нь хувьд та тайлбар өгөхгүй юу?

-Гишүүн өчигдөр "Өдрийн сонин" болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд товч ярилцлага өгсөн байгаа. Тэр ярилцлага дээр тухайн орой бусдыг хутгалсан гэх үйл явдал болоогүй гэж хэлсэн. Үүнээс илүү яг юу болсныг би хэлэх боломжгүй. Мэдээж үүнийг хууль хяналтынхан шалгаж байгаа бол үнэн зөвийг тогтоох байх.

-Эрүүгийн хэрэг үүсгэлээ гэсэн албан бичгийг цагдаагийн байгууллагаас ирвэл очиж мэдүүлэг өгнө биз дээ?

-Мэдээж баримт бичиг албан ёсоор ирвэл хуульд заасныхаа дагуу оролцоод л явна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ