Сэхээнд буй Сэрүүн Сэлбэ

Сү.Батболдын Засгийн газрын үед нийслэлчүүдэд нэгэн таатай мэдээ дуулгаж байсан нь зундаа хүүхэд багачууд сэлж, өвгөд хөгшид сэрүүн хөвөөнд нь салхилж, өвөлдөө цана, тэшүүрээр гулгаж байсан Сэлбэ голыг сэргээх төсөл байлаа.

Нийслэл хотынхоо дундуур урсдаг Сэлбэ голыг орчин үеийн техник технологийн хүчинд сэлбэн тэтгэж гадны бусад хотуудтай адил болгох энэхүү төсөл улаанбаатарчуудын талархлыг хүлээж байсан ч харамсалтай нь улстөрчдийн ээлжит нэгэн тохуурхал болоод өнгөрсөн юм. Цаад утга нь голыг сэргээх нэрийдлээр төсвийн мөнгийг хайр найргүй шамшигдуулах, сонгуулийн тархи угаалт хийх арга байсныг өдгөө хог новш, шээс баасанд дарагдсан өнөөх л өрөвдөлт дүр зураг нь хэвээр байгаа Сэлбэ гэрчилнэ.

Тухайн үед С.Батболд твиттерээр “Сэлбэ голыг сэргээх төслийг миний бие Засгийн газрын тэргүүний хувьд санаачлан нийслэлчүүдийнхээ санал бодол, идэвх зүтгэлд түшиглэн хэрэгжүүлнэ. Энэ зорилгоор нийслэлийн хөрөнгө оруулалтын хүрээнд зарцуулагдах 1 тэрбум төгрөгийг Сэлбэ голыг сэргээх төсөлд зарцууллаа” хэмээн бахархалтайгаар жиргэж байв.

Хэтэрхий мэргэн жараахай болж түүний сэдсэн санаа нь Сэлбэ голд ядахнаа ганц жараахайн нэмэртэй туссан нь үгүй. Нийслэлийн төсвөөс зарцуулсан нэг тэрбум төгрөг хэн гэгчийн халаасанд орсныг, Сэлбэ гол өнөөдөр ямархуу байдалтай байгааг харсан хүн бүр харамсан нэхэх бизээ. Мэргэжлийн бус компанийг өнөөх хэтэрхий мэргэн жараахай нь өөрөө гардан тендерт шалгаруулсан талаар одоог хүртэл хэвлэлүүдээр хэл ам таталсаар байдаг.

Тодруулбал, 2011 оны наймдугаар сараас эхэлсэн 1,2 км үргэлжлэх ажлыг Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороололд эхлүүлэн ”Норбу”, “Шим газар” гэсэн хоёр компани гүйцэтгэгчээр шалгарсан ч мэргэжлийн бус компаниуд бөгөөд төслийн зураг, бодит ажил хоёр хэрхэн хол зөрүүтэй байгааг газар дээр нь очоод харж болно.

Тэр ч бүү хэл, хотын захирагч Г.Мөнхбаярын үед 1,4 тэрбум төгрөгийн төсвийг авсан, мөн тухайн үеийн Засгийн газрын тэргүүн нэг тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн хэрнээ мэргэжлийн бус хоёр компани нь санхүүжилт дууссан гээд ажлаа дундаас нь хаяад явсан, үлдсэн шавар шохой болон бусад зүйлсээ Сэлбийн эрэг дээр орхиод манаачийнхаа цалинг бүтэн зургаан сар өгөөгүй зугтаасан, гэрээт хугацаанд ажлаа эхлээгүй, дуусгаагүй, нэмж 297 сая төгрөгийн төсөв авсан гээд асуудал их бий.

Энэ мэтээр Сэлбийг сэргээхэд зориулсан татвар төлөгчдийн мөнгө, сонгуулийн шоуны цаг хугацаа хоёр хайран болж өдгөө дутуу хийсэн ажилтай, хогоор дүүрсэн хөндийтэй Сэлбэ гол бахь байдгаараа байж байна.

Тухайн үеийн Сүхбаатар дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэр, Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Д.Дэлгэрмаа гээд энэ ажлыг хянаж, шалгаж байсан хүмүүст ч давхар хариуцлага тооцох ёстой ч чимээгүй байсаар байгаа.

Гэтэл ирэх оны Нийслэлийн төсөвт Сэлбийг сэргээх нэрээр дахин 5-6 тэрбум төгрөг тусгахаар болж, энэ нь иргэдийн хурлаас дэмжлэг авсан байх юм. Өмнөх засгийн алдааг давтахгүй хэмээн амлаж байгаа энэ ажил чухам юу болж дуусахыг бид мэдэхгүй.

Д.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ