Хавдрын эсрэг хамтаръя

"Хавдрын эсрэг хамтдаа" уриа бидний танил болжээ. Энэхүү урианы эргэн тойронд ярьмаар санагдана. ХСҮТ, ХААН банк, МҮОНТ-ийн хамтран зохиож буй аяны уриа л даа. Юутай ч дээрх гурван байгууллага ийм аян өрнүүлээд гурав дахь жилдээ явна. Хавдрын эсрэг тэмцлийн эхийг тавилаа гэхэд хилсдэхгүй. Уриалгыг сайтар тунгаавал эл гурван байгууллагын хэмжээнээс халихаар нь тодорхой юм. "Хавдрын эсрэг хамтдаа" гэсэн нь олон түмэнд чиглэсэн агуулгатай нь тодорхой. Өөрөөр хэлбэл, та бидэнд ханджээ гэсэн үг. Тэгэхээр иргэн бүр, хамт олон, хэсэг бүлгээрээ оролцооч, дэмжээч гээд байгаа нь ойлгомжтой. Үүнийг хамжилцахгүй бол бид өөр юу дэмжих билээ.
Иргэд яавал зохилтойг эхлээд ярилцъя. Энэ их амархан. Монгол Улсын иргэн бүр эхлээд өөрийн эрүүл мэндэд, удаа нь ойр дотныхныхоо төлөө санаа тавьдаг болчихвол сайнсан. Ингэхийн тулд их юм шаардагдахгүй. Ядаж л эцэг, эхээ дагуулаад эрүүл мэндийн/хавдрын/ үзлэг, оношилгоо, эрт илрүүлэлтэд гар бие оролцон, жилд нэгээс хоёр удаа хамрагддаг болъё. Та гурав өөрсдийгөө хамгаалаад авбал бусдад анхаарах боломж тэр хэрээр нэмэгдэх биш үү. Хавдрын талаар өөрийн хэр хэмжээгээр мэдээлэл цуглуулж, зурагтаар гарсныг үзэж, радиогоор ярьсныг сонсон, сонинд бичигдсэнийг уншаад байхад л болоод явчихна. Өрхийн эмчтэйгээ холбоотой байж, энэ талаар асууж, ярилцаж, зөвлөгөө авч болно шүү дээ. Эдгээр нь иргэний үүрэг.
Хамт олон дээр цартай яригдана. "Хүн болох багаасаа" гэдэг. Хүүхдэд багаас нь ойлголт өгөх хэрэгтэй. Умайн хүзүү, хөхний хорт хавдар сэдвээр ахлах ангийн сурагчдад хичээл орж байсан санагдана. Үүнийг нааш нь татаад, дунд ангийнханд жилд нэг удаа, нэг өдөр, нэгэн зэрэг ерөнхий хавдрын сэдвээр хичээл заадаг байвал ямар вэ. "Хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр"-ийг тохиолдуулаад хийсэн ч болно шүү дээ. Томоохон албан байгууллагууд ажилчдаа иймэрхүү сургалтад оролцуулбал бүр сайн. Сургагч багш нарыг харин сайн бэлдэх хэрэгтэй.
Хэсэг, бүлэг гэдэг нь бүр ч өргөн дэлгэр хүрээ юм. Гэхдээ хэт хавтгайруулах хэрэггүй биз. Сум, хороо, багийн хэмжээнд ярихад болно. Сум, өрх, багийн эмч нарын ажил гэсэн ч болох. Гэхдээ "хамтдаа" гэсэн уриагаа санах хэрэгтэй. Сум болгонд ХААН банк буй. Тэдний нэг ажилтан, сайн дурын нэгэн иргэн байхад өнөөдөртөө болно. Жишээ нь, сумын эмч, ХААН банкны ажилтан, сайн дурын иргэн гурав нийлээд харъяалагдах хүрээний оршин суугчдадаа энэ талын мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх аргад сургахад, сэжигтэй хүнийг үзлэгт хамруулахад л болох нь тэр. Энэ нь цаашид өргөжин тэлэх нь гарцаагүй. Ингэвэл иргэдэд хүрч үйлчилнэ. Тэд ч оролцоно. Үүнийг л би "Хавдрын эсрэг хамтаръя" гэж ойлгоод байгаа юм аа. Ингэж чадвал хавдраас урьдчилан сэргийлэх ажил жинхэнэ ёсоороо хэрэгжих бус уу. Тэгээд эрт илрүүлээд, төгс эмчилчихнэ, тийм үү.
Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ