Ё.Лхагвасүрэн: Бүх хөрөнгийг нь хурааж, 5-10 жилийн ял онооно

Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэж, түүгээрээ банк санхүүгийн газраар үйлчлүүлэх тохиолдол ихэсчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ахлах, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан мөн хуурамч мөнгө хийсэн иргэнд ямар хариуцлага тооцдог вэ?
-Хуурамч мөнгөн дэвсгэртийг хаана хэн хийж тараагаад байгааг илрүүлэхээр цагдаагийн байгууллагаас бие бүрэлдэхүүн гаргаж мөрдөн байцаалт хийж байгаа. Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн, хуурамч мөнгө гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хуулийн 176.1-р зүйл заалтаар “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашиглаж борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах эсхүл2-5 жилээр хорих ялаар шийтгэнэ.
-Хэрэв энэ хэргийн давтан хийж, бүлэглэж үйлдсэн бол авах шийтгэл нэмэгдэнэ биз дээ?
- Энэ хэргийг давтан буюу бүлэглэж урд нь энэ хэргээр шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол тухайн этгээдийн эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял онооно гэж хуульд заасан байдаг. Хэрэв мөнгөн дэвсгэрт хуурамчаар үйлдсэнийхээ хэрээр хөрөнгөжсөн бол бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгодог.
-Сүүлийн үед хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн хэдэн тохиолдол бүртгэгдээд байна?
-20 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн 4-5 тохиолдол бүртгэгдээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15, Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороонд гурван удаа, Чингэлтэй дүүргийн 4-р хороонд нэг тохиолдол бүртгэгдсэн.
-Хамгийн сүүлд хэзээ хуурамч мөнгөн тэмдэгдэгт илэрсэн бэ?
-Энэ сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн “Сити шоп” хүнсний дэлгүүрт хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэх хэргийг шалгахад СХД-ийн 15 дугаар хороонд оршин суух 58 настай эрэгтэй А гэгч нь хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийснийг нь илрүүлсэн. Одоогоор СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
-Хуурамч мөнгөн дэвсгэртээр дандаа 20 мянгатын дэвсгэрт л гарч ирж байгаа юу?
-Ихэвчлэн бүхэл мөнгө гарч ирдэг. Доод тал нь 20, 10, 5 мянгын дэвсгэрт гарч ирдэг.
- Хуурамч мөнгө ашиглаж байгаа иргэн чухам хаана борлуулах нь их байдаг вэ?
-Банкны гүйлгээнд хуурамч мөнгөн дэвсгэрт өгсөн нь хэд хэдэн удаа бүртгэгдэж байсан. Мөн гэр хорооллын захын дэлгүүр хоршоо, халуун усны газар, үсчин гэх мэт газраар хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглаж үйлчлүүлэх тохиолдлууд гардаг.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ