"СТӨ-г хоёр тэрбумаар засна"

Нийслэлд үнэгүйдсэн, алдагдалтай ажиллаж байгаа байгууллага цөөнгүй бий. Эдгээр байгууллагыг хувьчлах тухай ч яриа гарах болсон. Тэгвэл Өмчийн харилцааны газраас ашиггүй ажиллаж байгаа нийслэлийн өмчийн 86 байгууллагын түрээсийг нэмэхээр судалгаа хийжээ. Үүнд СТӨ, Урт цагаан, Спортын ордон, Усан бассейн, Хүүхдийн ордон зэрэг байгууллага багтжээ. Өмчийн харилцааны газрынхны төрийн өмчийн байгууллагын түрээс сард метр квадрат нь 11000, хувийнх нь 16000 төгрөг байх судалгааг гаргасан байна. Энэ судалгаагаа НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг сонссон юм. Төлөөлөгчдийн зүгээс төлбөрийг нэмэх саналыг дэмжиж байгаа ч төрийн, хувийн гэж ялгахгүй байхыг санал болгосон. Мөн “Алдагдалтай ажиллаж байгаа юм чинь хувьчилбал яасан юм бэ” гэж зөвлөх ч нэгэн байсан. Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржоос дараах хариултыг авлаа.

-Нийслэлийн өмчийн байгууллагын түрээсийн үнийг хэрхэн тогтоодог юм бэ?

-Нийслэлийн өмчит бүртгэлтэй 630 орчим обьект байна. Үүний олонх нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль цэцэрлэг, эмнэлэг. Сургууль, цэцэрлэгт түрээсийг нь хэт өндөр тавих боломжгүй. Түрээс нь нэмэгдэхээр төлбөр нь дагаад л өсчихнө. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хувьд 3000 төгрөг байх саналыг оруулсан. Харин барилга байгууламжийн хувьд СТӨ, Уртцагаан гэсэн хоёр л том обьект бий. Уртцагаан 1954 онд ашиглалтад орсон. Ашиглалтын нөхцөл муу, түрээсэлж байгаа хүмүүс нь ойр зуурын засвар үйлчилгээгээ хариуцаад явдаг. Соёлын төв өргөө 1989 онд ашиглалтад орсон. 25 жил болоход урсгал болоод их засварт оруулаагүй. “Централ” “Sky tower”-тай харьцуулаад түрээсийг нь нэмээд байвал СТӨ, Урт цагааныг түрээслэх хүн олдохгүй. СТӨ-нд л гэхэд ССАЖЯ-ны харьяа 12 байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад Сангийн яамнаас жил бүхэн түрээсийн төлбөрийг нь 5000 төгрөгөөр тогтоож өгдөг. Энэ жилээс 11000 төгрөг болгоё л гэж байгаа юм.

-СТӨ-г ирэх жил засварлана гэсэн. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-СТӨ-г их засварт оруулах зураг төслийг 80 сая төгрөгөөр хийж байгаа. Хамгийн багадаа хоёр тэрбумаар СТӨ-г засварлахаар тооцоо гарсан байна билээ. Хөрөнгийг нь нийслэлийн төсвөөс гаргана.

-СТӨ нь нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөг төвлөрүүлдэг юм бэ?

-Жилд 350 орчим сая төгрөгийг оруулдаг. Харин тайзны орлогыг Төрийн санд тушаадаг. Төрийн сан энэ мөнгийг нь буцааж бусад зүйлд зарцуулах эрхийг нээж өгдөг.

-Тэгэхээр СТӨ алдагдалтай ажиллаж байхад хоёр тэрбумаар засварлана гэсэн үг үү?

-Энэ байгууллага түрээсийнхээ орлогоор зарлагаа нөхөөд явж байдаг. Нийслэлээс мөнгө авдаггүй. Тиймээс нийслэл СТӨ-нд их засвар хийж хөрөнгө оруулах учиртай. Барилгынхаа чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

-Хувьчлах асуудал яриад байсан шүү дээ?

-Нийслэлийн хэмжээнд 28 орчим барилга, байгууламжийг хувьчлах жагсаалтыг НИТХ-ын чуулганаар оруулахаар судалгааг нь хийж байна. Үүнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга, өрхийн эмнэлгийн байр зэрэг багтсан байгаа. СТӨ-г хувьчлах жагсаалтад оруулаагүй. Энэ байгууллагыг нийслэлийн өмчит хэвээр хадгалах л бодлого баримтлана.

-Урт цагааны барилгыг концессоор нураагаад шинээр барина, замын трасст орсон учраас хувьчлахгүй автозам тавина гэхчлэн эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Аль нь хэрэгжих юм бэ?

-Нураагаад шинээр барилга барина.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ