Б.Батчулуун: Цомгийг маань нулимж болно, үнэхээр таалагдахгүй бол яалтай ч билээ

Өнөөдөр “Никитон” хамтлагийн “”Үүлэн үст“ цомгийн нээлт “I Loft function house”-д боллоо. Тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран оюуны өмчийг хамгаалах төслийг боловсруулахаар болжээ. Тодруулбал тус цомгийн дуунууд зөвхөн “Боловсрол суваг” телевизээр цацагдах юм. Ингээд цомгийн нээлтийн үеэр хамтлагийн ахлагч, МУСГЗ дуучин Б.Батчулуунтай ярилцлаа.
-Цомгийн нээлтээ хийж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа.
-Урьдны цомгуудаас юугаараа онцлог болсон бэ?
- Бидний бэлтгэл, чадвар өссөн байгаа. Тэгэхээр тэр чинээгээрээ сайн цомог болсон байх гэж бодож байна. Нийт арван дуутай. Нэлээн шинэлэг дуугаралттай болсон гэж бодож байна. Сонсогчид л дүгнэх байх. Нэг дуугаа “Icetop” хамтлагийн Манлайтай хамтарч хийсэн. Рок поп дэлхийн хэмжээнд ямар түвшинд байна, бид тэр лүү ойртохыг л хүсч, эрмэлзэж хийсэн цомог доо.
-“Үүлэн үст” дууныхаа талаар яриач. Яагаад энэ дуугаар цомгоо нэрлэх болов?
Энэ дууны үгийг манай Цэнд-Аюуш бичсэн. Нэрийг нь ч гэсэн Цэнд-Аюуш бид хоёр ярилцаж байгаад өгсөн. Би ер нь дууны утга санааг их чухалчилж үздэг. Бүх эмэгтэйчүүддээ зориулаад, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг магтан дуулсан утгатай дуу. Үүл шиг хөвсгөр сайхан үстэй гэж эмэгтэй хүнийг алдаршуулах гэсэн утгатай юм л даа. Этгээд талаасаа, тэр бүр хэрэглэгдээд байдаггүй гоё үгээр илэрхийлэхийг хүссэн.
-Зарим дууны аяыг нь эхлээд зохиогоод дараа нь үгээ тааруулж зохиодог гэсэн. Энэ дууны хувьд?
-Энэ дууны хувьд аян дээр үг нь бүтсэн.
-“Боловсрол суваг” телевизтэй хамтарч оюуны өмчөө хамгаалах болсон талаараа ярихгүй юу?
-Уран бүтээлийг ямар их хөлс хүчээр бүтдэг вэ гэдгийг зарим хүмүүс анзаарч үздэггүй. Тэгсэн хэрнээ хэн нэгний өмчийн газар дээр очоод байшин барьж чадахгүй. Яагаад гэхээр тэр газар өөр хүнийх гэдгийг мэддэг болохоор. Нэг жишээ хэлье л дээ. Маскап гээд нэг компани манай “Нандин шүтээн” цомгийн дуунуудыг биднээс зөвшөөрөл авахгүйгээр itunes дээр тавьчихсан байсан. Тэгчихээд “Дэлхийн том компани Apple –ийн itunes дээр CD-г чинь тавьчихсан байхад та нар баярлахгүй байна уу?” гэж надаас асуусан. Тэр компани хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүй авч зарчихаад ингэж асууж байгаа нь үнэхээр байж боломгүй хэрэг. Ер нь цаашдаа бидний ч бай, бусад уран бүтээлчдийн ч бай уран бүтээлийг авч хэрэглэж байгаа бол зохих ёсны зөвшөөрлийг нь авч байгаач ээ гэж хүсч байна. Тэр утгаараа “Боловсрол суваг” телевизтэй хамтарч ажиллаж байна. “Үүлэн үст” цомогт багтсан бүх дуу клиптэй болно. “Үүлэн үст” дуугаар эхэлж байна. Манай клипүүдийг зөвхөн Боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр гаргахаар тохироод сая гарын үсэг зурлаа.
-Youtube дээр байршихгүй гэсэн үг үү?
-Тодорхой хугацааны дараа байршуулах байх. Цомгийг UBS CD шопоор худалдаж байгаа.
-“Үүлэн үст” танай хамтлагийн хэд дэх цомог вэ?
-“Нандин шүтээн”, “Хос хунгийн дууль” , “Цамцаа тайл”, “Ялгуун”, “Нутгаа санана” тэгээд “Үүлэн үст” юм байна даа.
-Цомгоороо юуг илэрхийлэхийг хүссэн вэ?
-Зургаан жилийн хугацаанд хөдөлмөрлөхдөө 2013 онд залуусын сэтгэл зүрх юуг хүсч тэмүүлж байна, юу мөрөөдөж байна, юу нь болохгүй байгааг, ер нь хүмүүст ямар бодрол өгөх вэ гэдгийг л бясалгаж хийсэн дуунууд даа. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр манай урлагийнхны дийлэнх нь мөнгөний төлөө болчихож. Маш богино хугацаанд болсон болоогүй уран бүтээл хийгээд л хурдхан мөнгөө олж авах эрмэлзлэлтэй болсон байна. Би эсрэг байр суурьтай байдаг хүн. Манай энэ цомгийг хүмүүс нулимж болно, сонсохгүй байж болно. Бидний уран бүтээлчдийн сэтгэл зүрхээрээ хийсэн уран бүтээл та бүхэнд таалагдвал таатай байна. Үнэхээр таалагдахгүй бол бас яалтай ч билээ.
-Энэ дууны клип их өвөрмөц юм аа?
-Бид мөнхийн сэдэв хайр дурлал, заяаны хань гэж хэнийг хэлдэг вэ, хайр дурлал гэж юу вэ гэдгийг дөрвөн үеийн төлөөллөөр дамжуулан харуулахыг зорьсон.
-Та бүхэнд амжилт хүсье.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ