Номтой ч хүн байдаг, номгүй ч хүн байдаг


“Хэцүү ангийнхан”-аас урьд өмнө нь хүн хутгаллаа гэж огт дуулдаагүй юм байна. Харин Н.Номтойбаяр ийм нэг болчимгүй юманд орооцолдож орхив. Түүнийг бааранд сууж байхад нэг үл бүтэх этгээд гэнэт хутга барьж дайраад бие хамгаалагчийг нь сүлбэж орхисон бололтой. Муу үг модон улаатай гэгчээр энэ яриа амнаас ам дамжин тархаж, харин эрхэм гишүүн “би биш ээ” гэсэн тайлбар тавиад өөрөөсөө түлхэж сууна. Зарим нэг муу хүн хэдэн төгрөг өгчих, хэргийг чинь үүрчихье гэсэн ч гэх шиг. За энэ ч яахав, УИХ-ын 76 хэрэгтэй, хэрэггүй юманд хутгалдахыг алийг тэр гэхэв. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэдэг л ортой байх.
Галзуу чонын аманд гараа хийхээс буцахгүй насан дээрээ төрийн түшээгийн халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саахалтын зайд бие хамгаалагч дагуулна гэдэг их л айдас хүйдэстэйн шинж. Их мөнгөний үнэр түүнийг амар тайван алхуулдаггүй юм болов уу. Парламентын сонгуульд нэр дэвшингүүт бие хамгаалагчаар нь ажиллаж байсан нэгэн Шведэд дүрвэж, одоо улс төрийн орогнол хүсч байна гэх яриа ч бий.
Гэхдээ Н.Номтойбаяр ээлжит бус чуулганы нээлттэй давхцуулан спикертээ өргөн барьсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийнхөө хойноос ихээхэн санаа тавьж байна. Энэ бол түүний бие дааж санаачлан боловсруулсан анхны хуулийн төсөл бөгөөд одоо УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт багтаж байгаа юм. Хууль санаачлагч маань МСҮТ-д хувийн хөрөнгө оруулалт хийх, хувьчлах, их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр шалгалтгүй элсүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлжээ. Уг хуулийн төсөл батлагдвал Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “МСҮТ-үүдийн бодлогыг тодорхойлсон мастер төлөвлөгөө гаргаж, ажил олгогчидтой хамтран захиалгад суурилсан сургалтын тогтолцоо нэвтрүүлэх” зорилт, Хөдөлмөрийн яамнаас зохион буй “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болно гэж үзсэн байна.
Харамсалтай нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь ерөнхий боловсрол, дээд боловсролтой харьцуулахад өндөр өртөгтэй, эдийн засгийн хувьд ашиг авчирдаггүй тул компаниуд хөрөнгө оруулж хувь эзэмших сонирхол бага байдаг ажээ. Төрийн өмчийн МСҮТ, коллежид хувийн хэвшлийн хөрөнгийн хувь, эзэмшил буй болгох, хувьчлах нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр тогтвортой ажиллах баталгааг алдагдуулж, баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын байгууллага болон дээд сургуулийн харьцаа нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээсээ зөрүүтэй байгаа байдлыг арилгах зохицуулалттай нийцэхгүй байж болзошгүй. Мөн МСҮТ, политехникийн коллеж төгсөгчдийг их, дээд сургуульд хөнгөлөлттэй элсүүлэх заалтыг дэмжихийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхээсээ илүүтэй их, дээд сургуульд элсэх дамжлага болгохгүй байхад анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Гэхдээ эрхэм гишүүн подхийсэн хуулийн төсөл боловсруулжээ. Аль ч ангид номтой ч хүүхэд байдаг, номгүй ч хүүхэд байдаг.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ