“Дэд хурандааг долоон жилийн өмнөх хэрэгт буруутган саатуулсан”

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд түүний өмгөөлөгчийн зүгээс батлан даалтад гаргах хүсэлтийг зургаан удаа тавьсан ч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн аваагүй аж. Тиймээс өнөөдөр дэд хурандаа П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Дэд хурандаа П.Өлзийсайхан цагдан хоригдоод удлаа. Биеийн байдал нь хэр байна. Батлан даалтад гаргах хүсэлт гаргасан уу?
-Биеийн байдал нь сайнгүй байна. Батлан даалтад гаргах хүсэлтийг холбогдох байгууллагуудад зургаан удаа тавьсан ч хүлээж аваагүй. П.Өлзийсайханы аав харвасан, харин ээж нь хэвтэрт байна. Зарим нэг хүмүүсийн зохиомол хэргээс болж П.Өлзийсайхан өнөөдөр хохирч байна. Энд 1937 оны хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.
-Зохиомол хэрэг гэдгээ тодруулбал?
-Сэлэнгийн аймгийн Прокурорын орлогч байсан Н.Болд-Эрдэнэ гэгч хүн бий. Түүнийг авлига хээл хахууль авсныг П.Өлзийсайхан илрүүлж, АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Н.Болд-Эрдэнийн авлига авсан нь нотлогдож, шүүхээс ял сонсож, нэг жилийн хорих ялыг биеэр эдлээд гарч ирсэн. Н.Болд-Эрдэнэ ялаа эдэлж гарч ирээд Б.Бат-Олзвой, П.Өлзийсайхан нарыг өөрт нь зохиомол хэрэг үүсгэж, ялласан хэмээн Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгуулахаар өгсөн. Тус газраас шалгаж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлж, гурван шатны шүүхээс П.Өлзийсайхан, Б.Бат-Олзвой нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Н.Болд-Эрдэнэ өөр хувилбар гаргаж, П.Өлзийсайханыг гэмт хэрэгтэн болгохоор зүтгэж байна.
-Тэгэхээр П.Өлзийсайханы хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Одоо яг ямар хэргээр шалгаж, цагдан хориод байгаа юм бол?
-П.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид 5-8 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.Тодруулбал, П.Өлзийсайхан долоон жилийн өмнө наадмаар Замын цагдаагийн тасгийн байцаагч Н.Мөнгөнтулгад шаардлага тавьж маргалдсан байдаг. Улмаар нэг алгадсан. Гэхдээ Н.Мөнгөнтулгын биед гэмтэл учраагүй. Тэрбээр өөрөө ч П.Өлзийсайхан даргад ямар ч гомдолгүй. Миний биед ямарч гэмтэл учраагүйгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Гэтэл прокурорын газраас хэргийг долоон жилийн дараа сөхөж, хүнд гэмтэл гэдэг дүгнэлт гаргуулж хэрэг үүсгэсэн байгаа юм.
-Долоон жилийн дараа хэргийг сөхсөн болохоор та зохион байгуулалттай гэж үзэж байгаа юм уу?
-Тийм. П.Өлзийсайханд алгадуулсан Н. Мөнгөнтулга гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Мөн өөрөө ч яагаад гомдолгүй байхад хэрэг үүсээд яваад байгааг ойлгохгүй байна гэдэг. Долоон жилийн өмнө болсон хэрэгт өнгөрсөнтавдугаар сарын 11-нд хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үүсгэсэн байдаг. Гэтэл гэмтлийн зэргийг хэрэг үүсгэснээс арван хоногийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 21-нд хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хуулийнхан хүнд гэдгийг яаж мэдэж хэрэг үүсгэсэн болж байна. Энэ мэт зохиомол хэрэг тулгаж байгаа нь батлагдаж байна.
-ЦЕГ-аас ямар нэгэн тайлбар хийсэн үү?
-П.Өлзийсайханыг саатуулаад ирэнгүүт зарим хүмүүс албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэх бичгийг ЦЕГ-т өгсөн байгаа юм. Харин ЦЕГ-аас П.Өлзийсайхан бол ажилдаа үнэнч, маш олон гэмт хэргийг илрүүлж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоодог чадвартай ажилтан гэх тайлбар өгсөн байна лээ. П.Өлзийсайхан хууль бусаар ан агнасан, хууль бусаар алт олборлосон, авлига хээл хахуулийн хэргийг илрүүлж байсан. Харин энэ бүхнийг илрүүлж ажилласныхаа төлөө өнөөдөр өөрөө хэлмэгдэж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ