Унтаж байсан 50 оюутныг хөнөөв

Нигерийн Йобе мужийн Хөдөө аж ахуйн коллежид “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийн дайчид өнгөрсөн шөнө халдлага үйлдэж дотуур байрандаа унтаж байсан 50 оюутныг хөнөөн, хичээлийн анги танхимуудыг нь галдан шатаасан балмад хэрэг гарлаа.

Халдлага урьд шөнө 01:00 цагийн үед болсон, зэвсэгт халдлагын улмаас 18-22 насны оюутнууд амь үрэгдэж, бусад 18 оюутан шархадсан байна. Түүнчлэн 1000 гаруй оюутан дотуур байраа орхин зугтаасан хэмээн CNN уламжиллаа.

Йобе мужид өнгөрсөн долдугаар сард исламын зэвсэгт дайчид дунд сургуулийн 29 багш, сурагчийг амьдаар нь шатааж хөнөөсөн аймшигт халдлагаас хойш сургуулиуд хаалгаа бариад байсан. Харин ердөө хоёр долоо хоногийн өмнө Йобе мужийн боловсролын комиссар Хөдөө аж ахуйн коллежийг цагдаа, цэргийнхнээр хамгаалуулахаа амлаж, үйл ажиллагааг нь сэргээгээд байсан ч дахин балмад хэргийн золиос боллоо.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ